10 га газарт махны үйлдвэр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-17 14:00:01

Архангай /МОНЦАМЭ/. Олон улсын экспортын стандартад нийцсэн, тусгаарлах аж ахуй бүхий дэлхийн жишиг махны үйлдвэр 4 аймагт барихаас, төвийн бүсийн үйлдвэрийг Архангай аймагт барихаар төлөвлөсөн.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн ХХААХҮЯ-д очиж тус үйлдвэрийн бэлтгэл ажлын явцтай танилцжээ.


Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд тус үйлдвэрийн ТЭЗҮ, зураг төсвийг мэргэжлийн байгууллагаар боловсруулж дуусгасан ба одоо шаардлагатай санхүүжилтийг Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэхээр болсон.

Өдөртөө 1000 бог, 200 бод бэлтгэх хүчин чадалтай, эрүүл ахуйн хяналтын цэг, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламжийг Архангай аймагт, 10 га газарт барина. 

Махны үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалтын ажил 2022 оны хавраас эхлэн нэг жилийн хугацаанд баригдаж дуусах төлөвлөгөөтэй аж. 

Энэ үйлдвэр ашиглалтад орсноор олон улсын стандартад нийцсэн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад экспортлох, Монгол Улсын төвийн бүсийн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын амьжиргаа, орлогыг дэмжих, шинээр ажлын байр бий болгох боломжтой юм.

Холбоотой мэдээ