БНСУ, Японы дипломатчид Солонгосын хойгийн аюулгүй байдал, түүхэн асуудлын талаар хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-09-17 09:32:28

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ саяхан пуужин харвасантай холбоотойгоор хурцадмал байдал сэргээд буй энэ үед БНСУ, Японы дипломатчид Солонгосын хойг дахь аюулгүй байдлын нөхцөл, хоёр орны хоорондын түүхэн асуудлуудаар хэлэлцэхээр Токио хотноо пүрэв гарагт уулзжээ.


БНСУ-ын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн асуудал хариуцсан дарга Ли Сан Рёл, Японы Гадаад хэргийн яамны Ази, далайн орнуудын асуудал хариуцсан дарга Такэхиро Фүнакоши нарын энэхүү уулзалт нь БНАСАУ өнгөрсөн амралтын өдрүүдэд далавчит пуужин, лхагва гарагт ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасны дараа болж буй юм.


Ли Сан Рёл, Т.Фүнакоши нар Солонгосын хойгт тогтвортой байдлыг ханган энх тайвныг цогцлооход БНСУ, Япон хоорондын, мөн АНУ-ыг оролцуулсан гурван талын хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтой болохыг нотолсон гэж БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.


Дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсэн, бэлгийн мөлжлөг үйлдсэн асуудлын тухайд, Ли Сан Рёл хоёр талын хэлэлцээг түргэтгэх шаардлагатай байгааг онцлоод, тэр дундаа эдгээр асуудлыг дээд түвшний уулзалтаар хэлэлцэхийн ач холбогдлыг тэмдэглэн хэлсэн байна.


Т.Фүнакошиг Токто арлын талаарх Японы байр суурийг тайлбарлах үед Ли Сан Рёл Сөүл газар нутгийн талаарх ийм нэхэмжлэлийг хүлээн авахгүй гэдгийг дахин нотолжээ. Гэсэн хэдий ч талууд хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт харилцаа холбоотой байх тухайд санал нэгджээ.


Мөн Ли Сан Рёл “COVID-19” цар тахал дэгдээд буй энэ үед хоёр орны иргэдийн харилцан солилцооны талаар хэлэхдээ, бизнес эрхлэгчид, оюутнуудыг хоёр орны хооронд “тодорхой нөхцөлтэйгээр” чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай байгааг цохон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ