Ж.Байден уур амьсгалын асуудлаарх цахим уулзалт зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-09-16 10:35:25

ВАШИНГТОН. /Kyodo/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дэлхийн тэргүүлэх эдийн засагтай, хүлэмжийн хий ялгаруулагч орнуудын удирдагчдын цахим уулзалтыг баасан гарагт зохион байгуулна гэж Цагаан ордон лхагва гарагт мэдээлэв.


Ж.Байден АНУ-ыг Парисын хэлэлцээрээс гаргасан өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг буцааж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд манлайлахыг зорьж буй бөгөөд үүнийхээ хүрээнд энэ оны дөрөвдүгээр сард цахим дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан юм.


Цагаан ордон Эрчим хүч, уур амьсгалын асуудлаарх тэргүүлэх эдийн засагтай орнуудын чуулга уулзалтад оролцох эсэх хариуг үргэлжлүүлэн хүлээн авч байгаа тул хэн хэн оролцохыг тодорхой мэдээлээгүй байна. Нийт 17 гишүүнээс бүрддэг энэхүү форумд дэлхийн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч орон болох БНХАУ, мөн Япон улс багтдаг.


Баасан гарагт болох уулзалтыг дөрөвдүгээр сарын дээд хэмжээний уулзалтын адил шууд дамжуулан үзүүлэхгүй бөгөөд ирэх 10 дугаар сарын сүүлээр Их Британид болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын /COP26/ өмнө болон дараа хэрэгжүүлэх шаардлагатай алхмуудын талаар “илэн далангуй харилцан яриа” өрнүүлэхэд голчлон анхаарна гэж АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч мэдээлжээ.


Ж.Байден АНУ-ын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 2005 оны түвшнээс 50-52 хувиар бууруулах амлалт өгөөд байгаа бол Япон тэргүүтэй бусад орнууд ч мөн 2030 он гэхэд хүрэх зорилтоо ахиулаад байгаа юм.


Гэвч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд дэлхийн дахин илүү шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаанууд харуулж байгаатай холбоотойгоор Ж.Байден дорвитой шийдвэр гаргахыг уриалах төлөвтэй байна.


Тухайлбал, өнгөрсөн сард танилцуулсан НҮБ-ын уур амьсгалын тухай тайланд, “хүлэмжийн хийн ялгарлыг нэн даруй, хурдацтай, их хэмжээгээр бууруулж чадахгүй бол дэлхийн дулаарлыг цельсийн 1.5-2 хэмээр тогтоон барих зорилтод хүрэх боломжгүй болно” гэдгийг анхааруулсан билээ. 

Холбоотой мэдээ