Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт “Мэргэн ном” цом гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-15 12:37:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсийг нь үнэлж УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрэмжит “Мэргэн ном” цомыг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт өнөөдөр гардууллаа. 


УИХ-ын 2021 оны долоодугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар, Нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрийн тухай хуульд, тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдийг Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд болгох өөрчлөлт оруулсан юм. Энэ хүрээнд тус номын баярыг есдүгээр сарын 17-19-нд “Өдөр бүр уншъя” гэсэн уриатайгаар "Номын соёлт ертөнц" ТББ-аас 30 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Өнөөдөр тус баярыг угтан УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Номын баяр - бидний баяр” ёслолыг зохион байгуулсан юм. Ёслолын үеэр МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн архиваас өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан номын баярын онцлох гэрэл зургуудаар үзэсгэлэн дэлгэв.



Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Чухаг гурван эрдэнийн нэг номыг эрхэмлэн дээдэлдэг өвөг дээдсийн уламжлалыг хойч үедээ өвлүүлэх,  уншигч ард түмэнтэй болох зорилгоор УИХ-аас Номын баяр зохион байгуулах ажлыг албан ёсоор хуульчилж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.  Монголчууд үндэсний бичиг, соёлын агуу түүхтэй ард түмэн. Үндэсний бичиг, соёлын өдөртэй болсноор, жилдээ хоёр удаа зохиолчид номоо дэлгэж, уншигчидтайгаа уулздаг болсон. Уншдаг ард түмэн хөгжинө, уншдаггүй бол ухарна, хоцорно, мөхнө. Тиймээс Монголын ирээдүй оюуны их уурхайгаа ухаж чадвал Оюутолгойгоос илүү баялаг олж болно. Өнгөрсөн жилийн номын баяраар хүүхэд багачууддаа өдөрт номын таван хуудас уншдаг байхыг уриалсан. Энэ хэвшлийг ажил болгож чадвал хүн бүр уншдаг болох нь гарцаагүй” хэмээгээд энэ жилээс “Өдөр бүр уншдаг байя” гэсэн уриаг дэвшүүллээ. 


Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд номын соёлыг түгээн дэлгэрүүлэх ажилд цахим номын сан байгуулах, цахим технологи нэвтрүүлэх замаар дэвшил авчрахад анхаарах нь зүйтэйг дурдлаа. Мөн тэрээр төгсгөлд нь, өнгөрсөн хавар номын баярыг зохион байгуулах үед цар тахлын хоёрдугаар давалгаа өрнөж байсныг тэмдэглээд, номын баяраар мянга гаруй хүн Д.Сүхбаатарын талбайд цугласан ч маргаашаас нь халдварын тохиолдол буурч байсныг онцоллоо.



Ингээд тэрбээр жил бүр тухайн жилд шилдэг номын зүтгэлтэн, үндэсний бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлэгчдэд олгодог, ном тэвэрсэн мазаалайн төрх бүхий “Мэргэн ном” цомыг гардуулсан юм. УИХ-ын даргын санаачилгаар ном бүтээгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрдэмтэн зохиолчдыг урамшуулах зорилгоор “Мэргэн ном” шагналыг жил бүр гардуулдаг билээ.



Энэ жил Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан А.Шагдарсүрэнг шилдэг зүтгэлтнээр шалгаруулсан бол  Номын соёлыг түгээн дэлгэрүүлэгчээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монгол Улсын төрийн соёрхолт, ТАСАМ ТББ-ын тэргүүн Ц.Санчирын бүтээлийг “Мэргэн ном” шагналын шилдэг номоор шалгаруулж, шагналыг  гардуулан өглөө.


Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь өнгөрсөн хугацаанд номын баяраар мэдээллийн түншээр ажиллахын зэрэгцээ уран бүтээлчдийнхээ бүтээлийг дэлгэн үзүүлж ирсэн юм. Мөн Монгол Улсад цор ганц, үндэсний босоо бичгийн долоо хоног тутмын тогтмол хэвлэл болох “Хүмүүн бичиг” сониныг эрхлэн гаргадаг билээ.

Холбоотой мэдээ