Дулаанхайрханы энгэрт үүрэн холбооны сүлжээний өргөтгөлийг барьж ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-09-09 15:55:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Мобиком корпораци алслагдсан хөдөө орон нутгийн хэрэглэгчдэдээ сүлжээгээ хүргэх, хүрээгээ тэлэх зорилгоор аялал жуулчлалын идэвхтэй бүсүүдэд сүлжээний дэд бүтэц байгуулж байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх төсөл” -ийн хүрээнд 390 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр Дулаанхайрханы энгэрт үүрэн холбооны сүлжээний өргөтгөлийг барьж ашиглалтад орууллаа.  

Энэхүү өргөтгөлийг хийснээр тус хайрханы орчимд нутагладаг, Хужирт, Хархорин, Өлзийт, Есөнзүйл сумын малчид утсаар ярих, интернэт орох сүлжээтэй болж байна. “Хөдөөгийн, алслагдсан газарт нутагладаг малчид утасны сүлжээгүйн улмаас харилцаа, холбооны гачигдалд байдаг. Энэ байдлыг сайжруулах ажлууд ээлж дараатай хийж байна. Хэдхэн хоногийн өмнө Нарийнтээл сумын Өндөрхөмөг, Шарга багт үүрэн холбооны сүлжээний өргөтгөл ашиглалтад орсон. Үүний үр дүнд зөвхөн утсаар ярих биш, хүүхдүүд цахимаар хичээл номоо хийх, малчид цаг агаарын мэдээ, мал мах, түүхий эдийн ханш гээд хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авах боломж бүрдэж байна” хэмээн УИХ-ын гишүүн С.Чинзориг хэлэв. Тэрээр малчдын санал хүсэлтийн дагуу уг ажлыг хөөцөлджээ.

 

Холбоотой мэдээ