Б.Өнөрбат: Зам тээврийн осол байнга гардаг “хар цэг”-ийг жолооч нарт мэдээлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-08-29 11:42:11

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг зам тээврийн ослоос урьдчилэн сэргийлэх талаар аймгийн хэмжээнд тодорхой ажил зохион байгуулсны үр дүнд энэ  оны эхний долоон сард тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс буурчээ. Тухайлбал тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг тав бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 72.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Батжаргалын Өнөрбатаас энэ талаар тодрууллаа.

- Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр жил болгон томоохон арга хэмжээ "Яараад яахав дээ” аян зохион байгуулдаг. Энэ жил уг ажлыг “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл арга хэмжээ”-ний хүрээнд “Ирээдүйгээ хамгаалья” уриатай зохион байгуулж байна. Арга хэмжээ үр дүнгээ өгч орон нутгийн замд үйлдэгдэж байгаа зам тээврийн осол, хэрэг буурсан. Зорчигчдын амь нас хохирох байдал багассан сайн үзүүлэлттэй байгаа. Цагдаагийн байгууллагын хувьд зөвхөн замын цагдаагийн алба хаагчдыг бус бусад төрөл, мэргэжлийн алба хаагчдыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд татан оролцуулж байгаа. Нийтийн хэв журмыг хамгаалах, эрүү, захиргааны удирдлага, шуурхай удирдлагын зэрэг тасгийн алба хаагчид орон нутгийн замыг хяналттай байлгах, замын хөдөлгөөний дүрэм журмыг мөрдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

- Өмнөх жилүүдээс онцлог ямар ажил зохион байгуулж байна вэ?

- Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд жолооч, зорчигч нарт сэрэмжүүлэг тараах материал гарын авлага өгдөг. Үүний дотор шинэлэг зүйл юу вэ гэхээр Булган аймагт зам тээврийн осол давтамжтайгаар үйлдэгддэг “хар цэг”, өөрөөр хэлбэл зам тээврийн осол бүртгэгддэг газрын судалгаа гаргаад иргэдэд мэдээлэл болгох чиглэлээр гарын авлага болгож тарааж байна. Орон нутгийн газрын зураг дээр тэмдэглэж, зорчигч, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд өгч байгаа нь үр дүнгээ өгч байна.

- Замын хөдөлгөөний урсгал нийслэл рүү чиглэж байх шиг байна. Энэ талаар жолооч зорчигч нар юу анхаарах шаардлагатай байна вэ?

- Зуны улиралд амралт, аялал зугаалга хийхээр нийслэлээс хөдөө, орон нутгийг зорих хөдөлгөөн их байсан. Эдүгээ сургуулийн сурагчид, оюутнуудын хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа учир хөдөөгөөс нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор жолооч зорчигчид зам тээврийн ослоос урьчилан сэргийлэх шаардлагатай байна. Нэгдүгээрт тээврийн хэрэгслийн хурдыг тохируулах хэрэгтэй. Хоёрдугаарт ачаа тээврийн аюулгүй байдалд анхаарах шаардлагатай. Хүн болон ачааг  даац хэтрүүлэн хамт ачих зөрчил их байна. Мөн тээврийн хэрэгслийн норм, даац хэтрүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй байгааг зөвлөж байна. Орон нутгийн замд гарч байгаа тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцлийг судалж үзэхэд хурд, даац норм хэтрүүлдэг, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцдоггүй байдал нөлөөлж байна.

Холбоотой мэдээ