Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас хоёр дахь удаагаа тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-08-27 18:27:54

Ховд /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын тархалт, цаг үeийн нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас хариу арга хэмжээний хоёр дахь удаагийн тусламж үзүүлсэн тухай албаны эх сурвалж мэдээллээ.


Үндэсний хэмжээнд “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ төслийн хүрээнд өрхүүдийн амьжиргаанд ирж буй дарамтыг багасгах, хоол хүнсний хомсдолыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 17 орон нутгийн хөтөлбөрөөрөө дамжуулан 18 мянган өрхийн 89 мянга гаруй иргэнд 1.8 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний буцалтгүй тусламжийг тавдугаар сард үзүүлжээ. Үүнд Ховд аймгаас 1280 өрх хамрагдаж, 128 сая төгрөгийн тусламжийг хүлээн авсан байна. 

Мөн уг төслийн хоёр дахь удаагийн тусламжаар үндэсний хэмжээнд эрүүл ахуйн багц, хичээлийн хэрэгслийн иж бүрэн багц болон гамшгийн эрсдлээс сэргийлэх мэдлэг олгох танин мэдэхүйн хөлөгт тоглоом гэх мэт нийт 1.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий тусламж нэн шаардлагатай хүүхдүүдэд хүрч байгаа бөгөөд Ховд аймгийн хэмжээнд 2076 хүүхэд хамрагджээ. 


Дэлхий даяар коронавирусний халдварын тархалтын үед хичээл сургууль бүтэн жилийн хугацаанд бүрэн эсвэл хэсэгчлэн хаагдсаны улмаас 168 сая хүүхдийн боловсрол тасалдаж байгааг НҮБ-ын Хүүхдийн Сангаас сануулж, сургуулиудаа нээхийг улс орнуудад уриалсан билээ. 

Монгол Улсын хувьд eсдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүх шатны боловсролын үйл ажиллагааг танхим болон цахимаар явуулах болсон. Үүнтэй холбогдуулан Дэлхийн Зөн Монгол байгууллага нь сургууль, цэцэрлэгийн ариун цэвэр, халдвар хамгааллын нөхцлийг хангахад дэмжлэг үзүүлэх, халдварын эрсдлээс сэргийлэх зорилгоор хоёр дахь удаагийн тусламжийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж.  

Энэ ажлын хүрэээнд зорилтот сум болох Жаргалант, Мянгад, Дөргөн, Зэрэг, Манхан сумын нийт 11 сургууль, 20 цэцэрлэг, 5 дотуур байр, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 114 ширхэг гар ариутгагч аппарат, 20 ширхэг халуун хэмжигч, 192 цэнэглэдэг санитол, 114 хайрцаг шахмал ариутгагч бодис зэрэг 24 сая гаруй төгрөгийн тусламжийг хандивлалаа.  

Түүнчлэн Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт 205 ширхэг нүүрний хаалт, 500 ширхэг хамгаалах хувцас болон нүдний шил, 555 нэг удаагийн бээлий, 20 хайрцаг ариутгагч бодис, 21 ариутгалын төхөөрөмж, 3 хүчилтөрөгчийн аппарат зэрэг нийт 16 сая гаруй төгрөгийн үнэ бүхий багцыг өнөөдөр (2021.08.27) хүлээлгэн өгөв. Энэхүү мэдээллийг Ховд аймгийн ЗДТГ-ын цахим хуудсаар дамжуулан иргэд, олон нийтэд танилцууллаа.   

Холбоотой мэдээ