Баяр наадмын төсвөө эрүүл мэндийн салбарт зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-08-27 14:59:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд цар тахлыг даван туулахын тулд эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгааг албаныхан мэдээллээ.

Өнгөрсөн хугацаанд аймгийн Засаг даргын захирамжаар 240 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт олгож, түргэвчилсэн оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, халдварын голомтонд ажиллаж буй хүмүүсийн хоол, унааны зардалд зарцуулжээ.

Мөн орон нутгийн төсвөөс баяр наадмын зардлыг хэмнэж, цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд 524 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал, нэн шаардлагатай 20 нэр төрлийн 168 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авахад 464 сая, халдварын голомтонд дайчлагдан ажилласан хүний нөөцийн урамшуулалд 60 гаруй сая төгрөгийг зарцуулсан аж.

Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн сайдын төсвийн багцаас 500 сая төгрөгийн өртөг бүхий техник хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг Өвөрхангай аймагт нийлүүлснийг аймгийн БОЭТ, сумдын эмнэлгүүдэд хуваарилан олгожээ.

Холбоотой мэдээ