Нийт бэлчээрийн 57 хувийг усжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-20 11:05:15

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нийт бэлчээрийн 57 хувийг усжуулах "Усжуулалтын хоёрдугаар аян" өрнөж байна.

Аймгийн 6546 малчин өрхийн 2,9 сая гаруй толгой мал 5000 бэлчээрийн худгаас ус ууж байна. Үүнийг нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр нэг худгаас 800 - 3700 толгой мал ундалж байгаа юм. Энэ нь нэг худгаас ус уух малын тоо стандартаас 2-3 дахин хэтэрсэн гэсэн үг. Отор нүүдлийн үед нэг худгаас 5000-10000 мал уухаар бөөгнөрч, худаг ус хүрэлцэхгүй, ус худаг шавхах асуудал үүсч байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Аймгийн нийт бэлчээрийн 54,7 хувийг усжуулаад байгаа аж. "Бэлчээр усжуулалтын 2 аян"-ы хүрээнд 61 инженерийн хийцтэй худаг шинээр гаргах ажилд 5 аж ахуйн нэгж, 30 инженерийн хийцтэй худаг засварлах засварын ажилд 2 аж ахуйн нэгж шалгарч, ажлын гэрээнүүдээ байгуулан, ажиллаж байна. Энэхүү ажлын үр дүнд 91.5 мян га бэлчээрийг шинээр усжуулж, 45.0 мян га бэлчээрийг сэргээн усжуулж, 500 гаруй өрхийн 390.0 мян мал найдвартай усны эх үүсвэртэй болж, аймгийн бэлчээр усжуулалт 57 хувьд хүрнэ.

Цар тахлын улмаас төлөвлөгөөт ажил хугацаа хоцорч эхлэсэн. Одоогийн байдлаар 36 худгийн хайгуулын ажлыг хийсэн, 12 шинэ худгийн өрөмдлөг, 12 худгийн засварын ажил хийгээд байна. 

Холбоотой мэдээ