Ховд аймагт 10 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат нийлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-08-20 13:31:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажилтай танилцлаа.


Тус аймагт наймдугаар сарын 18-ны байдлаар коронавируст халдварын нийт 3916 тохиолдол бүртгэгдсэнээс эмнэлэгт 314 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрээр 773 иргэн эмчилгээ хийлгэж байна. Нийт тохиолдлын 84.3 хувь нь эдгэрсэн бол 6 хүн нас барсан байна. Вакцинжуулалтын тухайд аймгийн нийт хүн амын 80.8 хувь нь бүрэн тундаа хамрагдаад байгаагийн 6300 орчим нь 12-17 насны хүүхдүүд аж. 


Коронавирусний "Дельта" хувилбар тус аймагт бүртгэгдсэнтэй холбоотойгоор вакцингүй жирэмсэн эхчүүдийг хүндрэх эрсдэлээс сэргийлэхээр амаржих газартаа хоёр тасагт нийт 40 ор тусгайлан дэлгэжээ. Мөн Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасаг болон 50 ортой Хүүхдийн эмнэлэгт 261 ор дэлгэн коронавирусний эмчилгээ хийж байгаа юм. ХӨСҮТ-ийн Үндэсний зөвлөх багийн эмч мэргэжилтнүүд эмнэлзүйн шинж тэмдэг болон эмчилгээний удирдамж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч буй нь үр дүнтэй байгааг тус төвийн удирдлагууд онцолж байв.


Энэ сарын 1-нээс хойш эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн ар гэрээс эм, тариа авахуулахгүй байх Шадар сайдын тушаал шийдвэрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Ремдесивир” зэрэг вирусний эсрэг зарим эм саяхан хэсэг хугацаанд тасалдах үеэр гаднаас авахуулсан ч даатгалын сангаас нөхөн олгуулж эхэлжээ. 


Цаашдаа БОЭТ-д 15 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат болон түргэн оношлуурын нөөц бүрдүүлэх шаардлагатайгаас гадна эмнэлгийн зориулалттай алсын дуудлагын автомашин хэрэгтэй байгааг БОЭТ-ийн захирал П.Гэрэлсүрэн хэлсэн. Цар тахлын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэд шуурхай хүргэх тал дээр Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв сайн ажиллаж байгааг Шадар сайд сайшаагаад, тус төвийн тоног төхөөрөмж, аппарат техник хэрэгслийн хүчин чадлыг сайжруулахад Засгийн газраас анхаарч багагүй хөрөнгө оруулалт хийснийг онцлов. 


Шадар сайд С.Амарсайхан “Эхний ээлжинд нэн шаардлагатай байгаа 10 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппаратыг шийдэж өгнө. Дараа дараагийн асуудлыг шат дараатай зохицуулалт хийнэ. Гэхдээ Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь дэргэдээ хүчилтөрөгчийн үйлдвэртэй учраас энэ давуу талаа ашиглан өндөр даралтын хүчилтөрөгчөөр эмнэлгүүдээ бүрэн хангах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд аймаг орон нутаг анхаарал хандуулах ёстой. Цар тахлын үед эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хомсдолоос эхлээд олон асуудал хаа сайгүй бий. Бүхнийг Засгийн газар, УОК шийднэ гэлгүй, орон нутаг боломж, нөөцөө зөв төлөвлөн хуваарилж, эрэмбэ дараатай ажлуудаа уялдуулан зохион байгуулах замаар хамтдаа хичээж даван туулах хэрэгтэй байна” хэмээв.

Холбоотой мэдээ