Завханд давхардсан тоогоор 3099 хүүхэд ЭЕШ өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-19 16:35:20

Завхан/МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар өнөөдөр эхэлж байна. Тус аймагт давхардсан тоогоор нийт 3099 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтыг өгөхөөр байна гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв.

-Үүнээс энэ жил болон өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуулийг төгссөн 1049 суралцагч мөн бүртгэгдсэн байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад орж буй хүүхдүүд 10 хичээлээр шалгалт өгнө. Элсэлтийн ерөнхий шалгалт нь 2021 оны 8 сарын 19-22-ны өдрүүдэд Улиастай сумын  “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургууль, Дэвшил сургуулиуд дээр халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулна. Ингэхдээ нэг ангид 10-15 хүүхэд сууж шалгалт өгөхөөр, 40 ангийг бэлтгэсэн байна. Энэ жил цар тахлын улмаас элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулалтын хувьд сахилга хариуцлагатай, ялангуяа ариутгал халдваргүйтгэлийг өндөр түвшинд зохион байгуулахаар бэлтгэсэн. Хөдөөгөөс ирж буй хүүхдүүдийг заавал эцэг эхчүүд нь дагаж ирэхгүй байх чиглэлийг аймгийн Онцгой комиссоос өгсөн.

Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион

байгуулалтад 80 орчим хүн ажиллана

Завхан аймгийн 18 сумын 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуулиудаас 520 суралцагч ирж оролцож байгаа.

Эдгээр хүүхдүүдийг тухайн сургуулийн багш, захирлууд хариуцан аймгийн төвд авч ирнэ. Мөн аймгийн БСУГ-аас нэг арга зүйч гурван сумыг хариуцан хүүхдүүдийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан цэцэрлэг сургуулиуд дээр байрлуулна. Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр хүүхдүүдийг гадуур сэлгүүцүүлэхгүй, мөн үеэр төвлөрөл ихтэй томоохон зах, худалдааны төв, хоолны газруудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг мөн аймгийн Онцгой комиссоос гаргасан байна. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг удирдлагаар хангахаар Боловсролын үнэлгээний төвөөс таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж ажиллаж байгаа. Үүн дээр аймгийн БСУГ-аас 13 мэргэжилтэн, 22 зохион байгуулагч, 50 хянагч багш гээд нийт 80-аад хүн зохион байгуулалтын ажилд оролцож байна. Нэмж дуулгахад аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах 10 чиглэлээр үүрэг даалгаврыг өгсөн. 2021-2022 оны хичээлийн жилийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажил 8 дугаар сарын 25 гэхэд бүрэн хангагдана” гэв.

 

Холбоотой мэдээ