Импортын ачаа барааны тээвэрт үүссэн хүндрэлийг шийдэх асуудлаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2021-08-19 12:53:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав.


Уулзалтаар сайд нар хоёр улсын хоорондын ачаа тээврийн нөхцөл байдал, ялангуяа БНХАУ-ын нутгаар дамжин хийх, Монгол Улсыг чиглэсэн импортын ачаа барааны тээвэрлэлтэд үүсээд буй удаашрал, сааталтай холбоотой хүндрэл бэрхшээл, түүнийг шийдэх боломж, гарцын талаар харилцан санал солилцож ярилцав.


Сайд Л.Халтар БНХАУ-ын Тяньжин боомтод хуримтлагдаад буй Монгол Улсын чингэлгийн татан авалт, Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцооны тоо, Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нэвтэрч буй автотээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ зэрэг авто замын боомтын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог хэвийн горимд шилжүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал төмөр замын боомт байгуулах тухай Элчин сайдтай ярилцаж, шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.


Цай Вэньруй Элчин сайд дээрх асуудлаар БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдож, зохих арга хэмжээг авч байгаа талаар дурдаад, цаашид онцгой анхаарч БНХАУ-ын холбогдох байгууллагуудад дахин уламжилж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ