“Шонхор тауэр”-ийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвийн зориулалтаар ашиглахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-16 18:31:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрладаг “Шонхор тауэр”-ийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих төвийн зориулалтаар ашиглахыг Б.Амгаланбаатар нарын иргэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нараас шаардлаа.


Иргэд уг шаардлагаа өнөөдөр “Шонхор тауэр”-ийн гадна талбайд нийтэд танилцуулсан юм.


Шаардлагын талаар иргэн Б.Амгаланбаатар, “Төгс эрдэм сан” ТББ нь 1998 онд өсвөр насны хүүхэд багачуудад нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох, амьдрах ухаанд сургах сургалт явуулах, холбогдох байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж төсөл хэрэгжүүлэх зорилготой байгуулагдсан. Уг санг үүсгэн байгуулсан хүн нь УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн охин С.Содгэрэл юм.




Ингээд “Төгс эрдэм сан” ТББ дээрээ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төвийн зориулалтаар ашиглана гэж 330 м.кв газар авсан бөгөөд тухайн газартаа “Шонхор таур”-ыг барьж, 2014 онд ашиглалтад оруулсан. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан шат, хаалга хийх хэрэгтэй гэдэг хүсэлт гаргаж, 2015 онд газрын хэмжээгээ 601 м.кв болгож нэмсэн байгаа юм.


Үүнд УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ улс төрийн албан тушаалаа ашиглаж нөлөөлсөн байх магадлалтай хэмээн үзэж, түүнийг ТЕГ, АТГ-аар шалгуулах хүсэлт өгнө. Мөн уг барилгыг ашиглалтад орсноос хойш орж гарсан төсөвт татварын хяналт оруулах хүсэлтэй байгаа” хэмээв.



Улмаар “Шонхор таур” газартай холбоотой УБЕГ-ын болон бусад байгууллагаас авсан баримтаа дэлгэн, уг барилгыг зориулалтын дагуу ашиглахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нараас шаардлаа.

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ