ОХУ-ын нисэх онгоцнууд Грекийн ойн түймэртэй тэмцэх хүчин чармайлтад тусалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-08-13 14:52:56

АФИН. /TASS/. ОХУ-ын “Бе-200”, “Ил-76” нисэх онгоц Грекийн Пелопоннес хойгийн Аркадиа бүсэд дэгдсэн ойн түймэртэй тэмцэх хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж байна гэж Грекийн Гал түймэртэй тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч “TASS” агентлагт мэдээлжээ.


Грект хоёр “Ил-76” нисэх онгоц мягмар гарагт, хоёр “Ми-8” нисдэг тэрэг лхагва гарагт очжээ. “Рentapostagma.gr” цахим хуудсанд мэдээлснээр, Оросын “Бе-200”, хоёр “Ил-76” нисэх онгоц баг болон ажиллаж, түймрийг унтраахаар эхний удаад 110 тонн ус асгажээ.


Ерөнхийлөгч Владимир Путин Грекийн Засгийн газрын яаралтай хүсэлтэд үндэслэн тус улсын төв нутагт дэгдээд буй ойн түймрүүдийг унтраахад дайчлах Оросын нисэх онгоцнуудын тоог нэмэгдүүлэхийг үүрэг болгосон талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт мэдээлсэн юм.


Сүүлийн 10 гаруй хоногийн хугацаанд Грект урьд хожид байгаагүйгээр хэт халах болсон нь олон арван ойн түймэр дэгдэхэд хүргэжээ. Оросын “Бе-200” нисэх онгоц тус улсад зургаадугаар сарын сүүлээр очиж, томоохон түймрүүдтэй тэмцэхэд туслалцаа үзүүлжээ. Грекийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, уг нисэх онгоц гал түймэртэй тэмцэхэд өндөр үр дүнтэй гэдгээ батлан харуулсан байна. 

Холбоотой мэдээ