Могойд хатгуулсан хүнд хүргэх анхны тусламж

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-12 19:04:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны бүх нутгаар элбэг тархсан хортой могой бөгөөд сүүлийн жилүүдэд үерийн усаар дамжин нийслэл хотод ихээр орж ирэх болсон.


Бамбай хоншоорт могой үерийн усаар дамжин нийслэлд орж ирэх нь ихэсжээ. Энэхүү могой нь ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг.


Хортой могой тод хар өнгөтэй эрээн алаг нь илүү тод байдаг бол хоргүй могой бүдэг саарал өнгөөрөө ялгарна. 


Ерөнхий шинж:

  • Биеийн урт 70 орчим см
  • Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
  • Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
  • Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
  • Хүүхэн хараа нь босоо.
  • Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойгоос хялбар ялгагдана.

Могойтой газар явахдаа хянуур болгоомжтой байхын дээр түрийтэй гутал, урт өмд өмсөх, гишгэх газраа сайтар харах, нүцгэн гараараа өвс, цэцэг зулгаах, тасдахаас аль болох зайлсхийх нь зүйтэй.


Могойд хатгуулсны дараа хатгасан газар хорсох мэт өвдөж, хавдан эхлээд цайж байснаа аажмаар хөхөрдөг. Хатгуулсан талд хамгийн ойр байх булчирхай цочих ба сайн харвал хатгуулсан газраас булчирхай хүртэл нарийхан хөхөлбөр судал гарсан байдаг. 


Могойд хатгуулсан үед ямар арга хэмжээ авах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна:

  • Могойд хатгуулсан л бол заавал эмчид хандана. Эмч ирэх зуур хатгуулсан хүнийг хэвтүүлэхдээ хатгуулсан цэгийг зүрхний хэмээс доош байрлуулна.
  • Хорыг хурдан тархаахгүйн тулд аль болох тайван байлга, босгож болохгүй, каффейнтэй цай кофе, архины төрлийн зүйл уулгаж болохгүй.
  • Хөл гар хавдахаас өмнө зүүж байгаа гинж бөгж, цагийг тайлна, хөлдөө хатгуулсан бол гутлыг нь тайлна.
  • Шархыг нэмж зүсэх, сорох, мөсөөр жин тавих, усаар шавших, буруу газар нь цусыг нь боох хориотой. Харин зориулалтын бумба, эсвэл бумбаны орон ашиглаж болохоор жижиг аяга, хундага зэргийг тавиад хөхүүлж болдог. Ингэхийн тулд савныхаа амыг доош харуулан дороос нь гал асаан хийгүй болгоод маш хурдан зүссэн хэсэг дээрээ наадаг. Сайн хөхүүлсний дараа бумбаа авч шархыг спирт, марганц, ариутгалын бусад бодисоор сайн цэвэрлээд боолт хийж, тухайн хэсгийг аль болох хөдөлгөөнгүй байлгана.
  • Резинтэй марлин боолтоор, эсвэл ямар ч хамаагүй суналттай хувцасны өөдсөөр эхлээд хатуулсан газрыг бооно. Ингэхдээ боолтны завсраар хуруу амархан орохгүй чанга бооно. Ихэвчлэн хөл дээр болон гаран дээр хатгуулдаг тул хоёр дахь боолтоор хурууны үзүүрээс эхлэн чангаар тойруулан боож хатгуулсан газарт хүртэл орооно. Тэгээд хөдөлгөөнгүй барихын тулд модоор чиг барина. Хатгуулсан газрыг боолтон дээр тэмдэглэнэ. Ингээд эмч хүлээх ёстой, манай нөхцөлд эмч ирэхээргүй, утасны сүлжээ барихааргүй газар байгаа бол аль болох хөдөлгөөнгүй машинд хэвтүүлээд эмнэлэг бараадна.
  • Тэр хооронд хатгуулсан хүн амьсгалж чадахгүй болох, хэл нь хавдах, ярьж чадахгүй болох, царай нь цонхийх, хэвлийгээр базалж огиулж, байсхийгээд ухаан алдаж байвал амь насанд аюултай.
  • Эмч байхгүй бүр аргагүй байдалд байвал хэт их аллергитэй хүмүүст зориулсан зориулалтын шприценд савласан адреналин тарьж болно.

Анхны тусламжаа зөв үзүүлбэл цаашдын эрсдэлээс хамгаалж чадна. 



Холбоотой мэдээ