Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-08-12 15:54:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Галт тэрэг явж буй үед төмөр зам дээр хүн гарч ирэх эрсдэлтэй, ослын байдал сүүлийн үед ихэсчээ. Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчиж иргэд осолд орох нь нэмэгдэж буй талаар УБТЗ ХНН-аас анхаарууллаа. 

Төмөр замын аюултай бүсээр явган зорчигч зөвхөн зөвшөөрсөн гарц гармаар анхаарал болгоомжтой нэвтрэн өнгөрөх ёстой. Гэтэл галт тэрэг ирж байхад төмөр зам дээр хүн гарах тохиолдол гарсаар байна. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн амь насанд ноцтой эрсдэл учруулж байна. Ийм байдал он гарснаас хойш 30-аад удаа гарчээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүнс трейд” ХХК-ийн автобусны буудлын ойролцоо болон "Залуус" хорооллын урдах төмөр замын гарц, гармын орчим 8 удаа, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Таван шар, Москва, 1 дүгээр хорооллын урдах төмөр зам дээгүүрх гарц гармын орчим 10 удаа, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Шаамар, Мандал, Баянгол сумын нутаг дэвсгэрт 11 удаа гарснаас болж галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон байна. 


Төмөр замын аюултай бүсийн дэглэмийг чанд сахихыг анхааруулж байна.



Галт тэрэг яаралтай тоормос хийсэн тохиолдолд 800-1000 метр явж байж зогсдог байна. Явган зорчигч төмөр зам дээгүүр яаралгүй анхаарал болгоомжтой нэвтрэн өнгөрөх нь амь насаа эрсдэлээс хамгаална гэдгийг сануулж байна. Хүмүүсийн хөл хөдөлгөөн эрчимжиж байгаа энэ үед төмөр замын гармаар нэвтрэн өнгөрөхдөө аюултай бүсийн дэглэмийг чанд сахин биелүүлж, анхаарал болгоомжтой зорчихыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс анхаарууллаа. 

УБТЗ-ын хэмжээнд 280 төмөр замын гарам байдгаас 172 нь Улаанбаатарт байдаг. Нийт гармын 202 нь салбар замд байдаг бол Сүхбаатараас Замын-Үүд хүртэл гол замд 78 гарам байдаг. Гол зам дагуу гармын 51 нь автомат хаалттай, 27 нь осол гарах эрсдэл багатай учир ердийн тэмдгээр зохицуулдаг аж. 


Галт тэрэг явж байхад иргэд төмөр зам дээр гарч ирэх тохиолдол 30 удаа гарчээ.





Холбоотой мэдээ