"Технопром-2021"-оор ОХУ-ын шинжлэх ухаан, технологийн хөгжлийг харуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-12 15:30:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэдээллийн технологи, шинжлэх ухааныг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүтээгдэхүүний "Технопром-2021" олон улсын чуулган, үзэсгэлэн ОХУ-ын Новосибирск хотноо энэ сарын 25-27-нд болох гэж байна. 

Тус чуулган энэ оныг ОХУ-ын Шинжлэх ухаан, технологийн жилээр тэмдэглэн өнгөрүүлэх үндсэн үйл ажиллагааны нэг аж. Чуулганд 20 гаруй орны төлөөлөл оролцох бөгөөд шинжлэх ухаан, бизнесийн салбар болон төр, засгийн түвшинд хамтран ажиллах оновчтой арга барилыг боловсруулж, аж үйлдвэрлэлийн бүхий л салбарт нэвтрүүлэх юм байна. Мөн “Технопром - 2021”-ийн хүрээнд “Мэдээллийн систем дэх үйлдвэржүүлэлт”-ийн талаарх Сибирийн XII чуулган, Технологийн трансферын Үндэсний I чуулган мөн Сибирийн Венчурын XV яармаг зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах аж.

Үүнээс гадна инноваци, техник технологийн содон шийдлүүдийг бизнес эрхлэгчдэд санал болгох төрөл бүрийн үзэсгэлэнш дэлгэж, үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг турших боломжийг ч олгох аж. 

Энэ жил “Технопром” чуулганыг 8 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Оросын шинжлэх ухаан, технологийн салбарт төрөөс нь баримталж буй бодлого, шийдлийг тодорхойлох гол талбар гэж үздэг. Учир нь тус чуулганы хүрээнд ОХУ-ын шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийн стратеги боловсруулах санаачилга гарчээ.


Холбоотой мэдээ