Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зайнаас үйлчлүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах “Бидэнд Ойр” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийг ХНХЯ “Leaders Advancing Democracy-LEAD Mongolia US20” хөтөлбөрийн “Ил тод байдлыг сайжруулах, авлигыг бууруулах” бодлогын багтай хамтран хэрэгжүүлж байна.
Монголд шинээр нэвтэрч буй уг төслийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID), ICT группын eClinic, iTheme, иргэний агаарын тээврийн "Аэро-Монголиа" компани дэмжин ажиллаж байна. Төслийн хүрээнд хөдөө орон нутаг, алслагдсан сум дүүрэгт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийслэл Улаанбаатар дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв рүү eclinic.mn платформоор дамжуулан телемедицин буюу зайнаас эмчийн үзлэгт орох юм.
Телемедицин үйлчилгээг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эмнэлэгт бус гэртээ эмчлүүлэх боломжтойгоос гадна яаралтай эмчийн үзлэгийг цаг алдалгүй Монгол Улсын хаанаас ч авах боломж бүрдэнэ. Төслийн эхний ажлыг 8 дугаар сарын 10-нд эхэлсэн бөгөөд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-ны Баян-Өлгий аймаг дахь салбарт нийт 11 хүүхдийг телемедицин үйлчилгээнд амжилттай хамруулжээ. Мөн Баян-Өлгий аймагт зайнаас эмчийн үзлэгт хамруулах тоног төхөөрөмж гардуулав. Цаашид 21 аймагт энэхүү төслийг нэвтрүүлэх аж.
Р.Батхишиг