ЭЕШ-аас хоцорсон тохиолдолд оруулах боломжгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-08-10 14:28:48

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-ний өдөр элсэлтийн ерөнхий шалгалт Монгол улсын түүх хичээлээр эхэлнэ. Дархан-Уул аймгийн тухайд  “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн А, Б, байр “Од” цогцолбор сургуулийн А байранд шалгалт зохион байгуулагдах аж. Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцогчид ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх болон төрсөний гэрчилгээ гэсэн дөрвөн төрлийн бичиг баримтыг заавал авчирна.  Аймгийн хэмжээнд 68 хянагч багш ЭЕШ-ыг авах бөгөөд 29 зохион байгуулагч багш ажиллахаар сонгогджээ.

Энэ жил аймгийн хэмжээнд нийт 1410 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн аж. Үүнээс  “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн “А” байранд  565, “Б”  байранд 365 хүүхэд “Од” цогцолбор сургуулийн байранд  480 хүүхэд тус тус шалгалт өгөх суудал хувиарлагджээ. Нэг анги танхимд 12-15 шалгуулагч орох бөгөөд ирэх цаг, орох цагийг заасан байна.  Шалгалт эхлэхээс арван минутын өмнө хонх дуугарч хаалга хаагдах тул хоцорсон тохиолдол оруулах боломжгүй гэдгийг бүртгүүлсэн сурагчдад анхааруулж байна. Мөн дээр дурдсан дөрвөн төрлийн бичиг баримтаас нэг нь дутуу байхад оруулахгүй ажээ.

Шалгалтад ирэхдээ цүнх, ном, гар утас, зөөврийн компьютер, үзэг, бал, таблет зэргийг авчирах шаардлагагүй гэдгийг БСУГ-ын ахлах мэргэжилтэн Д.Соёлмаа мэдэгдсэн.  Цар тахлаас шалтгаалан хоёр ч удаа хойшилсон тул халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж зохион байгуулагчдын өгсөн заавар зөвлөмжийг биелүүлэх хэрэгтэй ч мөн онцоллоо.

Ташрамд энэхүү шалгалтад 2021 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламж хуудсыг хэвлэх ажээ.

 

Холбоотой мэдээ