Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-08-07 16:57:33

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг байгуулж ашиглалтад орууллаа. Ингэснээр эмнэлгийн зориулалтын хүчилтөрөгчөөр Нэгдсэн эмнэлгийн бүх тасгуудыг 24 цаг тасралтгүй бүрэн хангах нөхцөл боломж бүрдэж байна.

Тус үйлдвэр хоногт 80 баллон хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай, агаараас хүчилтөрөгчийг шууд шүүж үйлдвэрлэхээс гадна баллоныг цэнэглэдгээрээ онцлогтой ажээ.

Нэгдсэн эмнэлэг нь  хүчилтөрөгчийн 20 баллонтой аж.   Харин “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас 10 ширхэг баллон хандивласнаар нөөцөндөө 30 ширхэг баллонтой болжээ.

Хагалгаа болон эрчимт эмчилгээнд хэвийн үед хоногт 6-7 баллон хэрэглэдэг байсан бол ковидын нөхцөл байдлын үед 40-50 хүчилтөрөгчийн баллоныг тээвэрлэн ирж иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж, амь нас, аюулгүй байдлыг нь хангаж байсан талаар нэгдсэн эмнэлэгийн дарга Б.Мөнхбат мэдэгдсэн. Харин хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр ашиглалтад орсноор энэ байдал бүрэн шийдэгдэж байгаа аж.

Ташрамд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын захиалгаар 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах төслийн хүрээнд “Сүвэн уул” ХХК гүйцэтгэжээ.

Холбоотой мэдээ