Тайваний Tzu Chi эмнэлгийн туршлагаас хуваалцав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
oyundelger@montsame.gov.mn
2021-07-27 10:55:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинээр байгуулагдаж буй, хувийн хэвшлийн Дөрөвдүгээр эмнэлэг Тайваний Tzu Chi эмнэлэгтэй хамтран цар тахлаас урьдчилан сэргийлэх туршлага хуваалцах цахим хэлэлцүүлэг зохион байгуулав.


Дөрөвдүгээр эмнэлэг нь 300 гаруй ортой бөгөөд наймдугаар сарын эхээр коронавирусний халдвар авсан жирэмсэн ээжүүд, бага насны хүүхдийг хүлээн авахаар төлөвлөөд байна. Иймд Tzu Chi эмнэлгийн эмчилгээний туршлагаас хуваалцжээ. Цахим хэлэлцүүлэг нь хоёр эмнэлэг хоорондын солилцоог эхлүүлэх гүүр болж байгаагаас гадна хоёр талын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.


Дөрөвдүгээр эмнэлгийн захирал Б.Золжаргал хэлэхдээ, “Цар тахлын улмаас улсын эмнэлэг, эмч, эмнэлгийн албан хаагчид асар ачаалалтай ажиллаж байгаа. Энэ цаг үед манай эмнэлэг ашиглалтанд орох хугацаанаасаа өмнө зарим хэсгээ нээн халдвар авсан иргэдийг хүлээн авна. Тайваний цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ олон улсад үлгэр жишээ загвар болсон. Tzu Chi эмнэлгийн туршлага үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.


Буддын шашны Tzu Chi анагаах ухааны сангийн гүйцэтгэх захирал Лин Жүнь Лун эмч цахим хэлэлцүүлгийн үеэр, “Tzu Chi эмнэлэг нь 35 жилийн түүхтэй. Чанартай, найрсаг эмчилгээ үйлчилгээ, өвчтөн болон тэдний ар гэрийг асрах сайн дурын ажилтан гаргах зэргийг хослуулан ажилладаг. Коронавируст иргэдийг эмчлэх туршлагаа Монгол анд нөхөдтэй хуваалцахдаа таатай байна” хэмээв.


Цахим хэлэлцүүлэгт Tzu Chi эмнэлэг нь халдвар авсан жирэмсэн эх, хүүхдийн асаргаа болон эмнэлэг дотоодын халдварыг хянах зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм. Манай улсад цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Тайваниас 500 мянган ам.долларын үнэ бүхий эмнэлгийн зориулалттай амны хаалт, халдвар хамгааллын хувцас зэрэг урьдчилан сэргийлэх хэрэгслийг хандивласан бөгөөд цар тахлаас сэргийлэх цахим хурлыг 10 гаруй удаа зохион байгуулжээ.  

Холбоотой мэдээ