Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр удаа хожигдсон ч мөрөө үлдээж чадлаа

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-25 11:28:10

ТОКИО. /Washington post/. Эх орондоо сагсан бөмбөгийг 4-хөн жилийн өмнөөс тоглож эхэлсэн Онолбаатарын Хулан өөрийн дуртай “NBA”-гийн оддын тоо томшгүй олон бичлэгийг үзсэний дараа хэрхэн бөмбөгөө залж, бөмбөг оруулахыг өөрөө сурчээ.


“Би ганцаархнаа сургуулийн талбай дээр өрсөлдөгчөө төсөөлөн хөдөлгөөнүүдийг дуурайхыг хичээдэг байсан” гэж тэрбээр хэлжээ.


Гэсэн ч бямба гарагийн орой О.Хулан дахин төсөөлөлдөө автах шаардлагагүй болжээ. Тэрбээр Олимпын наадмын 3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд АНУ-тай анхны тоглолтоо хийсэн юм. Топ зэрэглэлтэй америкчууд 21-9 онооны харьцаагаар хожсон нь сагсан бөмбөг тоглож сураад 4-хөн жилийг ардаа орхисон хүний хувьд сүрхий ач холбогдох өгөх зүйл биш юм. Өдгөө 21 настай О.Хулан болон түүний багийнхан Олимпын наадмын багийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон анхны тамирчид билээ.


Энэ бүхэн бөх, бокс, жүдогийн төрлүүдэд Олимпын тамирчдаа бэлтгэж ирсэн түүхтэй Төв Азийн 3 сая хүн амтай оронд 3х3 сагсан бөмбөг хэр алдартай болсны илрэл юм. О.Хулан багийн спортын төрлөөр хөгжих хүсэлтэй Монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл бөгөөд тэрбээр баасан гарагийн орой болсон наадмын нээлтийн үеэр эх орныхоо тугийг барьсан Монголын анхны эмэгтэй болж, Токиогийн наадамд тоглох нь олон эмэгтэйд Олимпод тоглох итгэлийг бэлэглэнэ гэж найджээ.


“Би тэдний үлгэр дуурайлал болохыг хүсэж байна. Монголын эмэгтэй тамирчид хийгээд бусад эмэгтэйг төлөөлөн хамгийн том тайзнаа гарах нь миний хувьд гайхалтай. Сагсан бөмбөг манай улсад сүүлийн 5 жилийн хугацаанд тэсрэлт хийж байна. Өдгөө 3х3 манай улсад үндэсний спорттой дүйцэхүйц байна. Бүгд л үүнийг тоглож, тэмцээнүүдийг телевизээр үзэх болжээ. Энэ төрөл манай орны хувьд маш анхаарал татсан спорт болоод байна” гэж тэрбээр өмнө нь ярьсан байна.


Бямба гарагт 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн Олимпын наадамд өмнө нь  үзэгдэж харагдаагүй шинэ зүйлийг мэдрүүлжээ.


3х3 сагсан бөмбөгийн тоглолтын өвөрмөц хэв маяг миний сонирхлыг татдаг. Үүнээс гадна Монголын олон хүүхдийг спортоор хичээллэхэд түлхэц болдог. Бид бие махбодийн хувьд илүү хүчтэй байх зэргээр байгалиасаа илүү тогтвортой байхаар заяагджээ. Бид нүүдэлчин соёлтой ард иргэд учир аливаа нөхцөлд дасан зохицоход бэлэн байдаг. Энэ нь бидэнд их тус нэмэр болдог гэж бодож байна” гэж О.Хулан мөн ярьлаа. 


Монголын 3х3 Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Лувсандашийн Мягмаржав хэлэхдээ, 3х3 олны сонирхлыг татсан үе нь хүүхдүүд 2000-аад оноос эхлэн зохион байгуулагдсан арга хэмжээнүүдэд оролцож эхэлснээс улбаатай.


“Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ач холбогдлоо алдаагүй нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоо энэ төрлийн спортыг дэлхийн өнцөг булан бүрт алдаршуулахыг зорьсонтой нь холбоотой. Кара Лоусон зэрэг бусад дасгалжуулагч мөн үүнд анхаарлаа хандуулсан юм” гэж тэрбээр мөн ярьсан байна. 


“Бид Чингисийн талбайн голд тоглож байсан. Тухайн үед тоглолтын тасалбарууд бүгд зарагдаж дууссан. Тоглолт маш чанга байсан. Тэд 3х3 тоглолтод эх орондоо ихээхэн хувь нэмрээ оруулж байна” хэмээн дасгалжуулагч Кара Лавсон ярьжээ.


Сүүлийн арван жилд энэ спортын төрөл цойлж гарсан нь Токиогийн Олимпын наадамд шалгарч чадаагүй ч Азидаа хамгийн шилдэгт тооцогдох эрчүүдийн алдартай шигшээ багийг байгуулахад түлхэц болжээ. Монголд зохион байгуулагддаг 3х3 тэмцээнүүдэд 20000 орчим хүүхэд тоглож байгаагаас тал орчим нь эмэгтэйчүүд байна гэж Л.Мягмаржав хэлсэн байна.


“Манай улсад ардчилсан тогтолцоо бий болсноос хойших сүүлийн 30 жилийн хугацаанд охидуудад зориулагдсан спортын төрлүүд тийм ч олон байсангүй. Тэр дундаа гудамжны сагсан бөмбөг. Монголд очоод гудамжаар алхвал цагиргаар тоглож буй охид, хүүхдүүд мэр сэр харагдана” гэж Л.Мягмаржав ярьжээ.


Өөрийн ах, эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчин О.Энхбаатараас урам зориг авсан О.Хулан гудамжны сагсан бөмбөгөөр 18 настайгаасаа хичээллэх болсон хэдий ч хаанаас эхлэхээ сайн мэддэггүй байжээ.


Тэрбээр “YouTube”-с санаа авах бичлэгүүдийг үзэж, “NBA”-гийн өөрийн дуртай тоглогч Стефен Карригийн онцлогийг тоглолтынхоо арга барилд шингээхийг хүсжээ. Их сургуульд байхдаа тэрбээр 3х3 сагсан бөмбөгийн багт элсэж, хожмоо үндэсний шигээ багт орсон байна.


Тийнхүү багийн гишүүдтэйгээ хамт байж, байрныхаа шатаар гүйж, хахир өвлийн хүйтэнд тоглоомын талбай дээр бэлтгэлд хийдэг байжээ. Зарим үед тэд өрсөлдөгч багтайгаа учраа таарах үед өндөрлөг газар тэсвэр хатуужилтай байхад нь нөлөөлнө гэж итгэн Улаанбаатар хотыг хүрээлсэн бартаат зам, ууланд бэлтгэл хийх аж.


Гэсэн ч олон улсын тоглолтуудад хэцүү үеүд байлаа. Монгол Улсын баг 2019 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхны тоглолтоо хийсэн боловч Амстердамд болсон дөрвөн тоглолтод дөрвүүлэнд нь ялагджээ. Харин 2019 оны Азийн цомын тэмцээнд илүү их амжилт гаргаж, дөрөвдүгээр байрт шалгарч, Олимпод оролцох эрхээ авсан байна. Энэ нь тус улсын эмэгтэйчүүдийн спортод тохиолдсон гайхалтай үйл явдал болж, 3х3 баг дорхноо нэрд гарчээ. 

Холбоотой мэдээ