КИОДО агентлагаас МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-23 11:55:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан Япон улсын Киодо цүүшин агентлагийн ерөнхийлөгч Торү Мизүтани баярын мэндчилгээ дэвшүүллээ. 


Та бүхний амар амгаланг эрье. Киодо цүүшин агентлагийн ерөнхийлөгч Торү Мизүтани байна.


7-р сарын 19-ний өдөр МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан агентлагийн захирал, хатагтай Бадамдоржийн Ганчимэг болон сэтгүүлч, зураглаачид,нийт албан хаагчдад Киодо агентлагийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэхийн ялдамд та бүхний цаашдийн хөгжилд улам их амжилтыг хүсэн ерөөе.


Монгол Улс эдийн засгаа тууштай хөгжүүлэхийн сацуу японы үндэсний спорт болох мэргэжлийн сүмод олон ёкозүна аварга төрүүллээ. Хоёр улсын харилцаа нь жилээс жилд бэхжиж буй энэ үед МОНЦАМЭ агентлаг нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллага /ОАНА/-ын Удирдах зөвлөлд сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Киодо агентлагтай мөн найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирлээ.


2018 онд МОНЦАМЭ агентлаг, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулсан Олон улсын гэрэл зурагчдын хөтөлбөрт Киодо агентлагийн гэрэл зурагчинг урьж оролцуулан хамтын ажиллагааг гүнзгийрүүллээ. Энэхүү ташрамд захирал Б.Ганчимэг болон бусад холбогдох хүмүүст дахин талархал илэрхийлье.


Зуун жилд нэг удаа тохиолддог гэх коронавирусын цар тахал дэлхий нийтийг хамарч бидний амьдралд нөлөөлж байна. Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Олимпийн их наадам энэ долоо хоногт эхлэнэ. Ийм хүнд цаг үед Наадмыг зохион байгуулах тухай үзэл бодлын зөрчилдөөн Японд төдийгүй, хилийн чанадад өрнөн хоёр хуваагдаж байна.

Харин Киодо Цүүшин агентлаг нь дотоодын албан ёсны мэдээллийн агентлагийн хувьд наадмыг сурвалжлах ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг бүрэн хангахын зэрэгцээ дэлхийн нийтэд наадмын талаар үнэн зөв, найдвартай мэдээлэл түгээхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.


Дэлхий даяар тоон эликтроник хурдацтай хөгжин ухаалаг гар утсаар төлөөлүүлсэн шинэ, хялбар мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан эцсийн хэрэглэгчид асар их хэмжээний мэдээллийг хялбархан хүлээн авч, хуваалцах боломжтой болж байна.


Нөгөөтэйгүүр хуурамч мэдээний асуудлууд хөндөгдөн гарч байна. Мэдээллийн агентлагийн тэнцвэртэй, үнэн зөв мэдээллийг түргэн шуурхай хүргэх үүрэг нь урьдынхаасаа илүү чухал болж байгааг энэхүү цар тахлын үеэр тодорхой харуулж байна.


Төгсгөлд нь хэлэхэд МОНЦАМЭ агентлагт 100 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэхийн ялдамд, Дэлхийн хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүл зүй цар тахлыг даван туулж улам хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Холбоотой мэдээ