Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хүн амын ердөө 15 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-07-22 17:31:12

ВАШИНГТОН. /CNN/. Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хүн амын ердөө 15 хувь нь “COVID-19”-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдаад байна гэж Пан-Америкийн эрүүл мэндийн байгууллагын /PAHO/ тэргүүн Карисса Этьен лхагва гарагт мэдэгджээ.


“Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хүн амын 15 хувь нь л вакцинд бүрэн хамрагдаад байгаагаар зогсохгүй Хондурас, Хайти зэрэг хэд хэдэн оронд энэ үзүүлэлт нэг хувьд ч хүрээгүй байна” гэж тэрбээр “PAHO”-ын долоо хоног тутмын хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


К.Этьений хэлснээр, вакцины шаардлагатай нөөцтэй болсон Коста-Рика, Уругвай, Чили, Аргентин зэрэг улсад халдварын үзүүлэлтүүд буурах хандлага ажиглагдаж байгаа бол вакцины хүртээмж бага орнуудад өндөр хэвээр байна. "Хэдийгээр вакцины олон хандивыг хүлээн авах төлөвтэй байгаа боловч бүс нутгийн олон оронд вакцинжуулалтын түвшин аюултай бага хэмжээнд байна. “COVID-19”-ийн тохиолдол Төв Америкийн ихэнх оронд эрс нэмэгдэж байгаа бөгөөд Гватемалд халдвар авсан, эмнэлэгт хэвтсэн тохиолдлын тоо хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч байна" гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ