МОНЦАМЭ агентлагийн даргын мэндчилгээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-07-19 12:54:39
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус агентлагийн дарга, хатагтай Б.Ганчимэг мэндчилгээ дэвшүүллээ.


Тус мэндчилгээнд, 2021 онд 100 жилийн ой нь тохиож буй Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 1921 оны 3 дугаар сарын 18-нд анхны мэдээгээ цацаж, Ардын Засгийн газрын 1921 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 6-р хуралдаанаар Монголын цахилгаан мэдээний газар-МОНТА нэрээр байгуулагдаж байв. Өөрөөр хэлбэл, МОНЦАМЭ бол орчин цагийн Монгол Улсын түүхэн дэх анхны байгууллагуудын нэг юм. 

1921 оны 3-р сарын 18-нд Ардын журамт цэргүүд Монгол-Оросын хилийн хот Хиагт буюу өнөөгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг эзлэн авсан өдрийн орой Монголын ард түмний дундаас бүрдсэн хувьсгалт цэргүүд Хиагтийг эзэлсэн тухай болон Монгол Ардын түр засгийн газар Хиагтад байгуулагдсан талаарх хоёр мэдээг МОНТА нэрээр Оросын РОСТА агентлаг руу дамжуулжээ. Ийнхүү орчин үеийн Монгол Улсын он тооллын түүхэнд тод томруунаар бичигддэг 1921 оны Ардын хувьсгалын анхны ялалтын мэдээг МОНТА буюу МОНЦАМЭ бичсэн нь 1921 оны 3-р сарын 30-ны өдрийн Оросын “Правда” сонинд “Восстание Монголов” (Монголчуудын бослого) нэрээр нийтлэгдэж байв. 

Энэ цаг үеэс эхлэн МОНЦАМЭ агентлаг нь Монгол Улсыг дотоодод төдийгүй гадаад ертөнцөд сурталчлах үндсэн үүрэгтэйгээр ажилласаар ирлээ. Ялангуяа МОНТА-г МОНЦАМЭ нэрээр шинэчлэн зохион байгуулсан 1957 оноос хойш Монгол Улсын гадаад сурталчилгааг түлхүү хийж, монгол хэлээр төдийгүй англи, орос, хятад, япон хэлээр Монголын тухай мэдээллийг тасралтгүй түгээсээр ирсэн байгууллага юм. Тиймээс МОНЦАМЭ бол МОНГОЛ УЛСЫН ДУУ ХООЛОЙ болж, өнгөрсөн 100 жилийн түүхээ үдсэн төдийгүй ирэх зуунд хөл тавьж байгаа орчин цагийн мэдээллийн орчинд хамгийн их эрэлт хэрэгцээ бүхий байгууллагуудын нэг гэж болно.

Өнөөдрийн МОНЦАМЭ агентлагийн хамт олон Монгол Улсыг дотоод, гадаадад сурталчлах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, монгол, англи, орос, хятад, япон хэлээр өдөр тутам www.montsame.mn цахим хуудас ажиллуулахын зэрэгцээ үндэсний монгол бичгээр “Хүмүүн бичиг”, англи хэлээр “Монгол мэссэнжер”, орос хэлээр “Новости Монголии”, хятад хэлээр “Мөнгү Шяошибао”, япон хэлээр “Монгору Цушин” сонин болон “Mongolia today” сэтгүүлийг эрхлэн гаргаж хэрэглэгчид, олон нийтэд хүргэж байна. 

Өнгөрсөн 100 жилийн түүх болон шинээр эхэлж буй эрин үе бол нийт МОНЦАМЭ-чүүдийн бахархал, тэмүүлэл болсон он жилүүд юм. Бид шинэ зуунд Монгол Улсын төдийгүй бүс нутаг, дэлхийн мэдээ мэдээллийн салбар дахь байр сууриа улам бэхжүүлж, олон бахархам түүхийн эзэд байхыг эрмэлзэж байна.

Монголын Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан хамтын ажиллагаа бүхий дотоод, гадаадын бүх түнш байгууллагууд, хувь хүмүүс, энэ байгууллагын түүх, бахархалыг бүтээсэн уншигчид, үе үеийн уран бүтээлчид, ажилтнууд, хамт олондоо баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!


Хүндэтгэсэн,

МОНЦАМЭ агентлагийн дарга, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг гэсэн байна.


Холбоотой мэдээ