Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар “Vision Mongolia” цахим хурал зохион байгуулав

ХИЛИЙН ЧАНАДААС
batbold.sh@montsame.gov.mn
2021-07-07 14:37:04
@ShoovdorBatbold

Бээжин /МОНЦАМЭ/. Монгол улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа  Ерөнхий консулын газар тус хотод үйл ажиллагааг явуулдаг Олон улсын Худалдааны танхимуудын нэгдсэн платформтой хамтран энэ сарын 5-ны өдөр Монгол Улсыг гадаадад сурталчлах “Vision Mongolia” цахим хурлыг зохион байгуулав.

Хурлын үеэр Монгол улсын “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, эрчим хүч, уул уурхай,  бүтээлч оюуны үйлдвэрлэл, зам тээврийн салбарыг тодорхойлсон болохыг оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулж, эдгээр салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломжтойг гадны хөрөнгө оруулагчдад сурталчилжээ.


Ерөнхий консул Ё.Нямжав арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, бүтээн байгуулалтын ажил улс орон бүрт сорилт болон тулгарч буй ч үүнийг харилцан ойлголцол, хамтын сэтгэл, хамтарсан чармайлтаар даван туулах нь чухал” болохыг онцолсон байна.

 Мөн тэрээр “Монгол улсыг зөвхөн уул уурхайн салбараар төсөөлж байгаа бол өнөөдөр бусад салбарын талаар ойлголт төсөөлөл, мэдээлэл авч цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх боломжуудыг харна хэмээн итгэж байна” гэдгээ илэрхийлжээ.

Тус арга хэмжээнд Шанхай хотын Ардын засгийн газар, Худалдааны хороо, Эдийн засгийн тусгай бүс, дүүргүүдийн төлөөлөл, Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн захиргаа, Хятадын олон улсын худалдааг дэмжих хорооны Шанхай хот дах салбар, олон улсын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын төлөөлөл, тус хотод суугаа гадаад улсуудын консулын газрын төлөөлөл болон Жөжянь Жянсү, Анхуй,Жянси, Фүжянь мужуудын Ардын засгийн газрын албаны хүмүүс урилгаар оролцсон байна.

Уг арга хэмжээг зохион байгуулахад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, МҮХАҮТ дэмжлэг үзүүлсэн аж.

Түүнчлэн тус хурлын үеэр ноос ноолууран бүтээгдэхүүн, хүнс, хивс, гар урлалын бүтээгдэхүүнүүдийг онцлон танилцуулсан байна.

 

А.Анхбаяр

Холбоотой мэдээ