Ихэнх нутгаар бороо үргэлжлэн орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-06-28 12:54:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЦУОШГ-ын мэдээллээр, энэ долоо хоногт ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна.


Тодруулбал, өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш, нөгөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, долдугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4, 5-нд Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Харин маргаашаас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнө 11-16, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнө 5-10, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 


Иймд иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллагууд үерийн аюулаас сэргийлж, гол, мөрөн, нуурын эрэг дагуу, уулын ам, бэл, гуу жалга, үерийн эрсдэл бүхий газар суурьшихгүй, жолооч, малчид, иргэд баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар гол, мөрөн гатлахгүй, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж үер, усны аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ