Жишиг гудамж төсөл дөрөвдүгээр багт хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-06-27 10:33:56

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багийн 20 өрх жишиг гудамж төсөлд хамрагдан, өөрийн эзэмшлийн 0,7 га газартаа хүнсний ногоо тариалж, өрхийн хэрэглээгээ хангах эхлэлийг тавилаа.

Төсөлд хамрагдсан өрхүүдийн тариалалтын явцтай Хэрлэн сумын Засаг дарга болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл өнөөдөр газар дээр нь танилцав.

Энэхүү төслийг Хэрлэн сумын ЗДТГ, Хэнтийн ногоочдын сүлжээ ХЭННС төрийн бус байгууллага, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын "Бор-Өндөр-2" төсөл хамтран Сариг багийн 20 өрхөд хэрэгжүүлж байна.

"Бор-Өндөр-2" төслөөс 10 өрхөд 4х8 харьцаатай хүлэмж, Хэнтийн ногоочдын ХЭННС төрийн бус байгууллагаас 6 төрлийн хүнсний ногооны үрийг олгож энэ жилийн тариалалтыг эхлүүлсэн байна.

Сонгогдсон өрхүүд хүнсний ногоо тариалах хүсэлтэй байсан боловч хэрхэн яаж тариалалт хийх гаргалгаагаа олохгүй явжээ. Эдгээр өрхүүд хүнсний ногоо тариалж өрхийн хэрэглээгээ хангах, цаашид өргөжүүлэн орлогоо нэмэгдүүлэх боломжтой боллоо. Түүгээр ч зогсохгүй "Хашаандаа сайхан амьдаръя" уриалгад нэгдэн хашаандаа жишиг хогийн сав, эко жорлонтой болох, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх ажилд өрх бүр идэвх санаачилгатай ажиллахаар болсон байна.

Эдгээр өрхүүд намар ургацаа хураан авч, ургацын баяр хийж борлуулалтад гаргах юм. Зуныг үр дүнтэй бүтээлч байдлаар өнгөрүүлж, гэр бүлээ давхар орлоготой болгож байгаа энэ төсөл цаашид баг бүр дээр хэрэгжих юм байна.

 

 

Холбоотой мэдээ