Монгол дахь Энх тайвны корпусын мэргэжилтэн К.Мансарайг “Алтан гадас” одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-24 16:37:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол дахь Энх тайвны корпусын орон хариуцсан захирал хатагтай К.Мансарайг “Алтан гадас” одонгоор шагнасныг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнөөдөр гардуулав.


Энэ үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хатагтай К.Мансарайд баяр хүргэж, АНУ-ын Энх тайвны корпусын Монгол дахь үйл ажиллагааг идэвхжүүлэх, улмаар Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Энх тайвны корпусын хувь нэмэр чухал байж ирснийг тэмдэглэв.


Хатагтай К.Мансарай Монгол Улсын төрийн дээд шагналаар шагнуулж байгаадаа баяртай байна гээд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.


Одон гардуулах ёслолд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески болон ГХЯ, Монгол дахь Энх тайвны корпусын ажилтнууд байлцлаа.


2021 онд АНУ-ын Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүсний буюу анхны сайн дурын ажилтнууд ирсний 30 жилийн ой тохиож байна.  Өнөөг хүртэл нийт 1 429 сайн дурын ажилтан манай улсад ажиллаад байна.

Холбоотой мэдээ