Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-22 17:46:05

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт 2021 онд орон нутгийн төсвийн 8.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 101 төрлийн төсөл, арга хэмжээ зохион байгуулахаар баталсан.

Үүнээс одоогоор 95 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зарлаж, 70 ажлын гүйцэтгэгч аж ахуйн нэгжийг шалгаруулж, гэрээний дагуух ажлаа эхлээд байна.

Мөн энэ жил улсын төсвийн 16.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймагт эрх шилжсэн 14 төрлийн ажлын тендер шалгаруулалт бүрэн зарлагдаж, үүнээс хоёр ажлын гэрээг байгуулсан байна. Харин бусад ажил нь тендер хүлээн авах шатандаа явж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Эдгээр томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, хэрэгжилтийн үр дүнг хянан шалгах, чанар, бүтээмжийг сайжруулах, холбогдох хууль, журмыг мөрдүүлэх зорилго бүхий ажлын баг байгуулжээ.

Тус ажлын багийн ахлагчаар Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Бадамсэд, гишүүдээр нэр бүхий төлөөлөгчийн бүрэлдэхүүн ажиллах юм.

Тэгвэл өнөөдөр тус ажлын баг анхны хурлаа хийж, Ховд аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд анхаарах зарим асуудлын талаар тодорхойлж, гүйцэтгэгч аж ахуйн нэгжид зөвлөн тусалж ажиллахаа илэрхийллээ.

Энэхүү ажлын баг хяналт шалгалтыг хоёр үе шаттай хийнэ. Эхний үе шат нь өнөөдрөөс эхлэн долоодугаар сарын 05-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Харин хоёрдугаар үе шат аравдугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэгжинэ. Улмаар ажлын үр дүнг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, иргэд олон нийтэд хүргэх аж.   

Холбоотой мэдээ