Халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй газруудыг 104 сая 200 мянган төгрөгөөр торгожээ

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2021-06-16 19:10:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм, үйл ажиллагаанд хийсэн шөнийн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэв.


НМХГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, "Холбогдох тушаал удирдамж захирамжуудын хэрэгжилтэд бид өдөр бүр хяналт шалгалт хийж, МХЕГ, НОК-д хүргүүлж ажиллаж байна. Зөвлөн туслах чиглэлээр давхардсан тоогоор 70 428 газарт хяналт шалгалт хийлээ. Үүнээс давхардсан тоогоор хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 8952, хүнсний худалдаа үйлчилгээний газарт 5526, ахуй үйлчилгээний чиглэлээр 5363, эмийн сан 1800, хүнсний бус бараа үйлчилгээний худалдааны төв 1189, хүнсний үйлдвэрлэл 955, зочид буудал 806, бассейн 433, сургалтын 388, чийрэгжүүлэх төв, фитнесс, иога 331, Саун 41, Амралтын 34 газрыг хамруулсан юм. Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, зөрчил гаргасан ААН байгууллага дээр хугацаатай үүрэг даалгавар өгөх болон торгох шийтгэл ногдуулж ажилласан. Мөн хяналт шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм, хүнсний аюулгүй байдлыг хангуулах талаар 17 төрлийн мэдэгдэл зөвлөмжийг 88 салбарт үйл ажиллагаа явуулдаг 35000 аж ахуй нэгжүүдэд хүргүүлсэн бөгөөд зөвлөмжийн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна. Шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 7500 гаруй зөрчил илрүүлж 4,323 зөрчлийг арилгуулж 98 ААН байгууллага, иргэнд зөвлөмж хүргүүлсэн. Харин "Бөмбөгөр", "Хан талст", "Баянзүрх", "Дүнжингарав" худалдааны төв зэрэг нийт 91 газарт улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаат үүрэг даалгавар өгч хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 201 этгээд, хувь хүнд 104 сая 200 мянган төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан" гэлээ. 


Тус байгууллагаас худалдаа үйлчилгээний газруудад дахин нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран хяналт шалгалтыг хийж буйг онцоллоо.


Д.Урансолонго

Холбоотой мэдээ