Улсын аварга тариаланч Д.Аманжол жилд дунджаар 60-80 тонн ургац хураан авдаг

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-14 11:04:02

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн газар тариалангийн гол бүс нутаг буюу бүх төрлийн хүнсний ногоо, жимс тариалалтаараа тэргүүлж яваа сумдын нэг бол Буянт сум юм. 

Өгөөж баян газрын хишгээ хүртэж, газар тариалангийн салбарт зориулсан олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлсэн  улс, аймгийн аварга тариаланчид энэ нутагт олон бий.

Энэ жилийн тухайд Буянт сумын тариаланч Д.Аманжол шинээр "Улсын аварга тариаланч” цол хүртсэн байна.

Үе удам залган 20 гаруй жилийн хугацаанд газар тариалангийн салбарт ажиллаж байгаа түүний шагналыг Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын баг гардуулан өгч, баяр хүргэлээ.

Улсын аварга тариаланч Д.Аманжолын гэр бүл нийтдээ 10-12 га талбайтай. Үүний 5-6 орчим га талбайд хүнсний ногоо, тэр дундаа төмс, лууван, тарвасыг түлхүү тариалж байна. Мөн талбайн бусад хэсэгт хадлан бэлтгэх ба жилд дунджаар 60-80 тонн ургац хураан авдаг. 

Сүүлийн жилүүдэд залуу өрхийг дэмжих замаар 5-6 хүнийг ажлын байраар хангасан байна.

Энэ хугацаанд гэр бүлийн гишүүдийн хамтын хүч, дэмжлэгээр төмс, хүнсний ногоо, тариалах, хадгалах, үрийн стандарт хангах зэрэгт өргөн мэдлэг, туршлагатай болж, орон нутгийнхаа иргэдийн хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж, өдгөө "Улсын аварга тариаланч” гэх хүндтэй цолоор энгэрээ мялаасандаа баяртай байгаагаа хэлж байв. 

Ийнхүү орон нутгийнхаа газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээгээ хангах, шинэ техник, технологи нэвтрүүлэхэд Буянт сумын тариаланчид түүчээлэн оролцож ирсэн. Энэ уламжлалыг үргэлжлүүлэн яваа Улсын аварга тариаланч Д.Аманжолын гэр бүлд аймаг, сумын удирдлагууд ажлын амжилт хүслээ.   

Сар шинийн босгон дээр Ховд аймгаас Улсын хошой аварга малчин нэг, Улсын аварга малчин 9, Улсын аварга тариаланч гурав тодорсон. Тэдний шагналыг аймаг, сумын удирдлагууд өнгөрсөн тавдугаар сард тусгай хуваарийн дагуу сумдад ажиллах үеэр гардуулан өгөв.   


Холбоотой мэдээ