Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийнхан эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-10 14:26:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ны 3х3 сагсан бөмбөгийн "Токио-2020" олимпын эрхийн төлөө тоглохоор Европыг зорьсон Монголын эрэгтэй шигшээ багийн тамирчид өнөө өглөө эх орондоо ирлээ.

 

Манай багийн хувьд Авсрийн Граз хотод 5 дугаар сарын 26-30-нд болсон олимпын тэмцээнд оролцож 9 дүгээр байрт шалгарсан. Энэ тэмцээний эхний гурван байрт орсон баг олимпын эрхээ авсан юм.


Улмаар манай баг дараагийн олимпын эрх авах боломжтой тэмцээн Унгарын Дебрецен хотод 6 дугаар сарын 4-6-нд явагдсан. Тус тэмцээнд зургаан баг оролцож түрүүлсэн ганц баг олимпын эрхээ авах байв. Манай баг хэсгийн шатанд Румыны багийг 22:9-өөр хожсон ч Унгарын шигшээ багт 21:9-өөр хожигдож хэсгээс 2 дугаар  байраар гарсан юм.


Улмаар хасагдах шатны эхний тоглолтдоо Украины багийг 19:17-гоор хожиж, хагас шигшээ тоглолтод Бельгийн багт эцсийн мөчид 16:15-аар харамсалтай хожигдон олимпод орох боломжгүй болсон.


Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг түүхэндээ байхгүй амжилт үзүүлж байгааг онцлон дурдах ёстой. Монгол залуус дэлхийн шилдгүүдийн эсрэг маш сайн тоглож эхний тэмцээн дээр Дэлхийн аваргын хүрэлтэй Польш улсын багийг хүртэл илүүрхэж хожсон нь нэн бахархалтай.


Ташрамд дурдахад, Энэ цаг үеийн 3х3 сагсан бөмбөгийн үндэсний эрэгтэй шигшээ баг түүхэн амжилтуудын эзэд болсон гэдгээрээ гайхалтай. Тэд Ази тивийн АШТ-ий алт, хошой мөнгө, дэлхийн Гран при тэмцээний аварга болоод байгаа билээ.







Холбоотой мэдээ