Д.Баярмаа: Техникийн болон бусад ямар нэгэн саатал гараагүй, санал хураалт хэвийн үргэлжилж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-06-09 17:35:58

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт Увс аймгийн Улаангом сумын 18-1-3-р хэсгийн хороон дээр хэрхэн явагдаж байгаа талаар тус хэсгийн хорооны дарга Д.Баярмаагаас тодрууллаа.


-“Манай хэсэг дээр 2897 сонгогч санал өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэнээс орон нутгийн 16.00 цагийн байдлаар 37,8 хувийн ирцтэй байна. Манай хэсгийн хороон дээр техникийн болоод бусад ямар нэгэн саатал гараагүй, санал хураалт хэвийн үргэлжилж байна. Хэдийгээр ирц бага байгаа ч, санал өгөх үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.

Цар тахлын үе тул хэсгийн хорооны ажилчид болон намуудын ажиглагч нар дэгмэлээ маш сайн барьж ажиллаж байна. Энэ сарын 8-ны өдөр хэвтрийн өвчтэй 3 хүнээс зөөврийн хайрцгаар санал авсан. Гэрийн тусгаарлалтад болон тусгаарлах байранд байгаа, мөн коронавирусээр өвчилсөн хүний харьцагч болж тусгаарлагдсан хүмүүс 6-р сарын 5-ны дотор зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтээ ирүүлэх ёстой байсан. Гэвч эдгээр хүмүүс хүсэлт гаргаагүй тул саналаа өгөх боломжгүй болсон. Коронавирусний халдвартай хүмүүсийг сонгогчдын нэрсийн жагсаалтад “Түр хасав” гэж тэмдэглэсэн байгаа” хэмээн Улаангом сумын 18-1-3-р хэсгийн хорооны дарга Д.Баярмаа хэллээ. 

Холбоотой мэдээ