25 дугаар дунд сургуулийн сурагчдад шагнал гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-06-02 09:48:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн цэцгүүд” олон улсын хөгжлийн ялгаатай сурагчдын гар болон гэрэл зургийн үзэсгэлэнд оролцсон 25 дугаар дунд сургуулийн сурагчдад Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар гарын бэлэг гардууллаа.


Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жил,  Улаанбаатар, Эрхүү хот ах, дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд тус үзэсгэлэнг нийслэлийн ерөнхий боловсролын 25 дугаар дунд сургууль, ОХУ-ын Эрхүү хотын хөгжлийн ялгаатай хүүхдийн төв, Бүгд Найрамдах Турк Улсын Алания хотын тусгай сургуулиуд хамтран зохион байгуулсан юм.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн боловсрол олгож, хөгжил, нийгмийн оролцоог дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж буй 25 дугаар дунд сургуулийн хамт олонд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн талархлыг мөн гардууллаа.


Түүнчлэн 2020-2021 оны хичээлийн жилд цахим хичээлүүддээ идэвхтэй оролцон, сурлагын өндөр амжилт гарган, хамт олноо манлайлсан 4 дүгээр ангийн сурагч Б.Пүрэвдорж, 7 дугаар ангийн сурагч Б.Чинболор, 9 дүгээр ангийн сурагч М.Оюут нарт “Нийслэлийн шилдэг хүүхэд” медаль болон гарын бэлэг гардуулсан юм.


Холбоотой мэдээ