Ная гаруй мянган га талбай түймэрт өртжээ

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-05-17 10:10:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-ний байдлаар, он гарснаас хойш Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд аймгийн 15 суманд нийт 19 удаа ой, хээрийн түймэр гарчээ.


Эдгээр түймэрт урьдчилсан байдлаар ойн 473.3 га, хээрийн 81099 га, нийт нийт 81572.3 га талбай өртөж, байгаль, экологид 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх 197 хяналтын цэгт 948 алба хаагч, 81 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.


Түүнчлэн ЦУОШГ-ын мэдээлснээр энэ сард агаарын температур олон жилийн дунджаас 1-1.5 хэмээр дулаан, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв, Архангай, Сүхбаатар аймагт ой, хээрийн гал түймэр гарах аюултай, Увс, Завхан, Хөвсгөл, Дорнод аймаг ой, хээрийн гал түймэр гарах дунд зэрэг, Дорнод аймгийн төв, хойд хэсэг, Завхан, Хөвсгөл аймгийн хойд хэсгээр ой, хээрийн гал түймэр гарах бага зэргийн аюултай гэжээ.


Нийт нутгаар хур тунадас харьцангуй бага, хуурайшилт ихтэй байх төлөвтэй аж. Иймд иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн нүх, саванд хийх, хашааны өнжмөл өвс шатаахгүй, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгсэл бэлтгэн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулав



Холбоотой мэдээ