Серби иргэддээ "вакцины урамшуулал" олгоно

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-05-06 15:16:57

БЕЛГРАД. /Ukrinform/. Сербийн эрх баригчид коронавирусний вакцин хийлгэсэн эсвэл тавдугаар сарын 31-ний дотор эхний тунгаа тариулсан 16-аас дээш насны иргэддээ 3000 динар буюу 26 орчим еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр болжээ.


Одоогийн байдлаар Сербийн иргэд, аж ахуйн нэгжүүд хэд хэдэн багц санхүүгийн тусламж авч байгаа юм. Харин энэхүү "вакцинжуулалтын урамшууллыг" нэмэлт тусламжийн хэлбэрээр олгох аж.


“Вакцин хийлгэхийг хүсэхгүй байгаа хүмүүст бид ялгаварлан гадуурхсан сөрөг арга хэмжээ авах боломжгүй, гэхдээ вакцинд хамрагдахгүй байх нь хариуцлагагүй, хувиа хичээсэн явдал гэж бодож байна. Хариуцлагаа харуулсан хүмүүсийг хэрхэн урамшуулах талаар бодож, вакцин хийлгэсэн хүмүүст нэмэлт санхүүгийн тусламж үзүүлэхээр шийдсэн” гэж Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич хэлжээ.


Одоогоор Сербид 3 620 000 хүн вакцин тариулснаас 2 050 000 нь эхний тунг, 1 570 000 орчим нь хоёр тунг бүрэн хийлгэсэн байна. Тус улс 6.95 сая хүн амтай юм.


Сербийн эрх баригчид сүргийн дархлааг бий болгохын тулд тавдугаар сарын эцэс гэхэд гурван сая орчим иргэнээ ядах нэг тунд хамруулахаар төлөвлөж байна.


 


Холбоотой мэдээ