Монголын баг тамирчдыг 5, 6 дугаар сард олон чухал тэмцээн хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-04 18:40:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний шигшээ багийн тамирчдыг 5, 6 дугаар сард ямар чухал, хариуцлагатай тэмцээнүүд хүлээж буй талаар танилцуулж байна.


Тухайлбал, чөлөөт бөх, таеквондо, 3х3 сагсан бөмбөгийн тамирчид олимпынн эрх олгох тэмцээнд оролцох бол Монголын боксын насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн тамирчид Европыг зорьсон.


Боксчид 5 дугаар сарын 4-9-нд Чех улсын Усти-над-Лабем хотноо болох 51 дэх удаагийн олон улсын уламжлалт тэмцээнд оролцоно. Улмаар Германд тус улсын болон Кубын шигшээ багийн тамирчидтай 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийх юм. Тэд 5 дугаар сарын 21-нээс 6 дугаар сарын 1-нд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорино.


Шигшээ багийн бүрэлдэхүүнд: Багийн ахлагч Ц.Батнасан, ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир нар ажиллаж байгаа юм. Тамирчдын бүрэлдэхүүнд: эрэгтэйчүүдээс ОУХМ Х.Энхмандах 52 кг, Х.Энх-Амар 56 кг, Э.Цэндбаатар 60кг /63кг/, Б.Чинзориг 64 кг, Б.Мишээлт 69 кг, О.Бямба-Эрдэнэ 75 кг, эмэгтэйчүүдээс ОУХМ Л.Алтанцэцэг 51 кг, О.Есүгэн 57 кг, М.Намуун 60 кг нар багтжээ.


Монголын жүдочдын хувьд олон улсын тэмцээн уралдаанд оролцож, хамтарсан бэлтгэл хийх төлөвлөгөөтэй Монголын насанд хүрэгчдийн шигшээ багийн I ээлжийн тамирчид өнгөрсөн сарын сүүлээр "Амжилтын төлөө хамтдаа" уриан дор хилийн чанадыг зорьсон. Жүдогийн шигшээ баг тавдугаар сарын 5-7-нд Казанийн Их дуулгад оролцох байсан ч нэрээ татсан билээ. 


Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит конгресс 2021 оны 6 дугаар сарын 3-нд болно. Мөн 6 дугаар сарын 6-13-нд жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Унгарын Будапешт хотноо зохион байгуулах юм. Ийнхүү ирэх сард “Токио-2020” олимпын наадмын татамид хүч үзэх орон орны жүдочдыг IJF-гээс албан ёсоор зарлана.


Монголын жүдочдын хувьд эрэгтэй, эмэгтэй багууд бараг л бүтэн багаараа Токиог зорих боломжийг бүрдүүлсэн амжилтыг үзүүлээд байгаа юм.


Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид 5 дугаар сарын 6-9-нд Болгар улсын Софи хотноо болох “Токио-2020” олимпын наадмын эрх олгох тэмцээнд оролцоно. Энэ тэмцээн олимпын эрх олгох сүүлийн тэмцээн бөгөөд Монгол Улсаас 5 тамирчин оролцохоор Казахстан улсад бэлтгэл сургуулилтаа базааж байна.


Монголын багийн бүрэлдэхүүн: Ахлах дасгалжуулагч Б.Баттулга, МУГД, Шигшээ багийн эрэгтэй багийн дасгалжуулагч А.Цэдэнсодном, эмэгтэй багийн дасгалжуулагч Э.Ууганбаяр, эрэгтэй тамирчдаас 57 кг-д МУГТ Э.Бэхбаяр, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 86 кг-д МУГТ П.Өнөрбат, 97 кг-д ОУХМ Ч.Алтангэрэл нар барилдах бол эмэгтэйчүүдээс 62 кг-д ОУХМ Х.Болортуяа хүчээ сорино. Энэхүү 5 жин /эрэгтэй 65, 125 кг, эмэгтэй 50, 53, 57, 68, 76 кг /-гээс бусад 7 жинд Монгол Улс олимпод оролцох эрхээ авсан.


Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Токиогийн олимпод оролцох эрхээ авч, Монгол Улс олимпод анх удаагаа багийн спортоор өрсөлдөхөөр болсон.


Эрэгтэй багийн хувьд 5 дугаар сарын 26-30-нд Австри улсын Грац хотноо болох олимпын эрх олгох тэмцээнд оролцоно. Монголын эрэгтэй баг А хэсгийг тэргүүлж, Бразил, Польш, Турк, Чехийн шигшээ багуудтай нэг хэсэгт орсон. Тус тэмцээнд тэргүүлсэн 3 баг олимпод оролцох эрхээ авах бол үлдсэн багууд 6 дугаар сарын 4-6-нд Унгарын Дебрецен хотод олимпын сүүлийн ганц эрхийн төлөө өрсөлдөнө.


Монголын олимпын таеквондогийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” олимпын эрхийн тэмцээн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх гол бэлтгэлээ хилийн чанадад хангаж байна.


Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Лхагвадоржоор ахалсан тус багийнхан Киргиз улсын Бишкек хотноо дөрвөн улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа юм. Баг тамирчдаас олимпын эрх олгох тэмцээний 58 кг-д ОУХМ М.Түмэнбаяр, 68 кг-д ОУХМ А.Нацагдорж нар оролцоно. Тэмцээн 5 дугаар сарын 21-23-нд Йордан улсын нийслэл Амман хотноо болно.


Харин Ази тивийн АШТ-ий 54 кг-д Т.Билэгсайхан, 58 кг-д Г.Энхбаяр, 63 кг-д Д.Чинзориг, 68 кг Э.Буяншагай, 74 кг П.Тэмүүжин нар оролцоно. Таеквондочдыг БНСУ-ын багш Хур Ин-Ён дасгалжуулж байгаа юм. Уг тэмцээн 6 дугаар сарын 15-20-нд Ливан улсын нийслэл Бейрут хотноо болно.


Монголын хөл бөмбөгийн холбоо/МХБХ/-ны “Атлетик-2020” клубын баг тамирчид Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-ны “AFC-Cup” тэмцээнд хүчээ сорино.


Тэд уг тэмцээний J хэсгийн тоглолтууд 5 дугаар сарын 14-20-нд Хонконг хотноо зохион байгуулна. Харамсалтай нь энэ тэмцээний хэсгийн шатанд анх удаа өрсөлдөх Монголын хөлбөмбөгийн дээд лигийн аварга “Атлетик-220” баг хөл хорионд орсноор бэлтгэлээ базаах боломжгүй байгаа аж.


Ташрамд дуулгахад, “Атлетик 220” баг энэ сарын 14-нд Тайванийн Тайнан Сити баг, 5 дугаар сарын 17-нд Хонконгийн Истерн Лонг Лайонс баг, 20-нд Хонконгийн Лиман багтай тус тус тоглох юм байна.

Холбоотой мэдээ