Баяндэлгэр суманд халдвар гарснаар зургаан суманд коронавирус бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-04-19 13:39:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 4 дүгээр сарын 19-ний 12.00 цагийн байдлаар Сүхбаатар аймагт коронавирусний батлагдсан тохиолдол нийт 126 болоод байна. 4 дүгээр сарын 18-нд Баяндэлгэр суманд нэг тохиолдол шинээр батлагдсанаар халдвар тус аймгийн зургаан сумыг хамраад байгаа юм. Тус тохиолдол нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн иржээ.

Тодруулбал, Улаанбаатар хотоос Баяндэлгэр суманд хүнс тээвэрлэж ирсэн тээврийн жолооч халдвар авсан болохыг ирсэн өдөр нь тогтоож, олон харьцагч үүсэхээс сэргийлэн шууд сумын ЭМТ-д тусгаарласан байжээ. Ингэснээр Баруун-Урт зургаа, Сүхбаатар 24, Уулбаян найм, Мөнххаан 86, Эрдэнэцагаан, Баяндэлгэр суманд тус бүр нэг тохиолдол бүртгэгдээд байна.

Халдвар авч буй иргэдийг насны ангиллаар авч үзвэл, 40 хувь буюу дийлэнх нь 20-40 насныхан байна. Харин хүйсийн тухайд 52,8 хувь нь эмэгтэй, 47,2 хувь нь эрэгтэйчүүд байна.  

Харин өнөөдөр 14 иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 59 боллоо. Одоогоор АНЭ-т хэвтэн эмчлүүлж буй 64 иргэнээс хөнгөн 44, хүндэвтэр 11, хүнд гурав, нэн хүнд нэг иргэн байна гэж ЭМГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ