БНСУ-д вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлуудыг дархлаажуулалттай холбоогүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-04-12 16:53:53

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д “COVID-19”-ийн вакцин хийлгэсний дараа нас барсан 11 тохиолдлын нас барсан шалтгааныг вакцинжуулалттай холбоогүй гэж дүгнэжээ. 


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв нь “AstraZeneca”, Pfizer” компанийн вакцин хийлгэснээсээ хойш цөөн хоногийн дараа нас барсан 47 хүний 11-д дүн шинжилгээ хийгээд байгаа ажээ. Мөн 47 тохиолдлын 32-ын эпидиомологийн судалгаа дууссан байна.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, 11 хүн бүгд 70-аас дээш насны, архаг хууч өвчтэй хүмүүс байсан бөгөөд долоо нь асрамжийн газарт хүргэгдсэн байжээ. Судлаачид тэдний нас барсан шалтгааныг тархины цус харвалт гэх мэт суурь өвчинтэй нь холбоотой байх тун өндөр магадлалтай байна гэж дүгнэжээ.


Мөн цаашид бусад 15 тохиолдолд эпидиомологийн судалгааг үргэлжлүүлэн хийнэ гэдгээ мэдэгдээд, вакцины аюулгүй байдлыг эмнэлзүйн туршилтуудаар нарийвчлан тогтоосон гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.


COVID-19”-ийн вакцинжуулалтыг хоёрдугаар сарын 26-наас эхлүүлсэн БНСУ-д өнөөдрийн байдлаар  1 157 255 хүн вакцин хийлгэснээс 916 780 хүн “AstraZeneca”, 240 475 хүн “Pfizer”-ийн вакцин хийлгэжээ.


БНСУ “AstraZeneca”-гийн вакцин цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй байгааг харгалзан уг вакциныг хэрэглэхээ сүүлийн өдрүүдэд түр зогсоогоод байсан боловч өнөөдрөөс 30-аас дээш насны хүмүүст үргэлжлүүлэн тарьж эхэлсэн байна.


COVID-19”-ийн вакцин тариулснаас үүдэн ноцтой гаж нөлөө илэрсэн тохиолдолд БНСУ-ын Засгийн газар зохих нөхөн төлбөрийг олгоно гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд мэдээлж байгаа юм. Тодруулбал, Засгийн газар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардал болон эмчилгээтэй холбоотой бусад зардлыг хариуцах ажээ. 

Холбоотой мэдээ