"Шпаркассэ" банкнаас сургалтын автобус нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-05 17:20:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон нийтийн санхүүгийн боловсролд зориулж, Герман улсын "Шпаркассэ" банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгчийн газар манай улсад сургалтын автобус нийлүүлэв. Тодруулбал, олон нийтэд чиглэсэн санхүүгийн сургалт, мэдээллийг хүргэхэд зориулж Монгол Улсад сургалтын зориулалт бүхий автобус, сургалтын хэрэглэл бэлэглэж Монголбанканд хүлээлгэн өглөө.

Төвбанкнаас “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг 2016 оноос эхлэн төрийн болон ТББ-уудтай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, "Шпаркассэ" банкны сангийн хооронд санхүүгийн боловсролыг дэмжих санаачилгыг хэрэгжүүлж, аймаг орон нутаг болон алслагдмал бүс нутагт амьдарч буй иргэдэд сургалт зохион байгуулах үйл ажиллагаанд зориулан ийнхүү автобус болон сургалтын хэрэглэгдэхүүн бэлэглэх гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Энэхүү гэрээ байгуулах үйл ажиллагаа “Дэлхийн мөнгөний 7 хоног” аяны үеэр тохиож байгаагаар онцлог болж байна.

Бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ёорн Розенберг оролцож, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, "Шпаркассэ" банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох нар гарын үсэг зурлаа.


"COVID-19" халдварын тархалт өргөн дэгдсэн хүнд үед иргэд хуримтлал үүсгэх, санхүүгийн луйвраас өөрийгөө болон өрх гэрээ хамгаалах, гэнэтийн нөхцөлд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгож сурах зэрэг хэрэгцээ, шаардлага өндөр болж байна. Ийм үед олон нийтэд нийтэд чиглэсэн сургалт, мэдээллийг хүргэхэд тус сангаас Монгол Улсад хүлээлгэн өгч буй сургалтын зориулалт бүхий автобус, сургалтын бусад хэрэглэл үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болж буйг Монголбанкнаас мэдээллээ.



Холбоотой мэдээ