Хүрээлэн буй орчны эсрэг 109 гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-02 11:35:58

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өглөө.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил явуулах, хяналт шалгалтын ажлын үр дүнг сайжруулах, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоож, арилгах, хууль хяналтын байгууллагатай хамтран арга хэмжээг зохион байгуулах, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах бодлого гаргаж хэрэгжүүлэх чиглэлийг аймгийн Засаг даргын Тамгын газар, цагдаагийн газарт өгөв.

Тус аймгийн цагдаагийн газар нэг жилийн хугацаанд хүрээлэн буй орчны эсрэг 948,5 сая төгрөгийн хохиролтой  109 гэмт хэргийг илрүүлэн, эзэн холбогдогчийг олж тогтоон, байгаль, экологид учруулсан 506,0 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.  Ойн сан элбэг, ашигт малтмалын баялагтай учир хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх, ан агнах, ашигт малтмал олборлох, ой хээрийн түймэр тавих зэрэг гэмт хэрэг зонхилон гардаг аж.

- Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт шинжилгээ хийж, байгаль орчинд учирсан хохирлыг тооцох нь нэлээд цаг хугацаа шаардсан, зардал ихтэй,  мэргэшсэн үнэлгээний хувийн хэвшлийн байгууллага дүгнэлт гаргадаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал хүрэлцэхгүй байх тохиолдол элбэг байна. Мөн ойн сан бүхий сумын байгаль хамгаалагч нараас иргэд мэргэжлийн байгууллагуудад мод бэлтгэх эрхийн бичгийг олгохдоо бэлтгэх тээвэрлэх хугацааг зөрүүтэй олгох, эрхийн бичиг буюу үнэт цаасыг засварлах, зөвшөөрөлгүй ойд үйл ажиллагаа явуулсан иргэнийг саатуулж хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа хийхэд эрхийн бичгийг нөхөж олгох зэрэг зөрчлүүд гарч байгаа нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хүндрэл учруулж байна гэж аймгийн цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан мөрдөгч, ахмад Д.Дэлгэрмөрөн ярилаа.

Аймгийн цагдаагийн газарт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх зорилгоор экологийн асуудал хариуцсан зургаан албан хаагчийн орон тоо батлагдаж, эрүүгийн цагдаа, мөрдөн байцаах тасагт хоёр мөрдөгч, Хутаг-Өндөр, Тэшиг, Бүрэгхангай сум, Хангал сумын Хялганат тосгонд экологийн асуудал хариуцсан дөрвөн байцаагч ажилладаг юм.

Холбоотой мэдээ