85 багийн эмчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-30 15:27:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгээр НҮБ-ын Хүн амын сангаас олгосон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцыг өнөөдөр багийн эмч нарт гардууллаа.

Багц гардуулах ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч С.Хонаев, Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл нар оролцлоо.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж хүртээмжийг сайжруулах зорилгоор хөдөө багийн 85 эмчид олгосон уг тусламж үйлчилгээний багцад даралтын аппарат, пульсоксометр, халуун, сахар хэмжигч, эх хүүхдийн жин, ургийн зүрхний бичлэгийн аппарат /доплер/, шээсний хурдавчилсан оношлуур зэрэг 9 төрлийн тоног төхөөрөмж, хэрэгсэл багтжээ.

Өмнө нь багийн эмч нарын цүнхэнд даралтын аппарат, чагнуураас өөр багаж хэрэгсэл байхгүй, хэцүү нөхцөлд ажилладаг байсан. Одоо Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан жишгээр иж бүрэн эмнэлгийн тусламж үйлчилгээний багцтай болсноор тусламж үйлчилгээний чанар, ялангуяа жирэмсний хяналтад ахиц гарна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.   

Ташрамд дурдахад, өнгөрсөн онд улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр тус аймгийн бүх багийн эмчид мотоцикл олгож байсан юм.



Холбоотой мэдээ