Халдвартын тасагт 30 ор бэлдэж, халдвар авсан иргэдийг эмчилж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-18 13:18:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 иргэнд "Ковид-19" халдвар батлагдсан учраас Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 30 ор бэлтгэн хэвтэн эмчлүүлэгчийг хүлээн авахаар бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар Халдвартын эмч Ц.Эрболдоор ахлуулсан шуурхай баг, бүрэлдэхүүн Цэцэрлэг суманд томилогдон ажиллаж, өвчтөн шилжүүлэх журмын дагуу 7 иргэнийг халдвар хамгаалалын дэглэмийг баримтлан тус сумаас тээвэрлэн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт зөөвөрлөн авч ирж эмчилгээг хийж эхэллээ. Эмч Ц.Эрболд өмнө нь тарваган тахлын голомтод 3 удаа, улаанбурхан өвчний дэгдэлт зэрэгт томилогдон  ажиллаж байсан туршлагатай эмч юм.


Мөн коронавирусний халдварын бэлэн байдлыг ханган ажиллах төлөвлөгөөний дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмнэл зүйн болон халдвар хамгааллын багууд идэвхжин ажиллаж иргэдийг халдвараас сэргийлэх, айдас түгшүүрийг даван туулах сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.  Нэмэлтээр эмнэлгийн ор дэлгэх болон шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дадлагажуулах сургалтыг тасралтгүй зохион байгуулж байна.



Холбоотой мэдээ