БНСУ-д коронавирусний хувилбараар халдварласан тохиолдлын тоо 213-т хүрчээ

Дэлхийд | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2021-03-15 15:29:12

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д сүүлийн өдрүүдэд коронавирусний хувилбаруудаар халдварласан 31 тохиолдол шинээр илэрснээр ийм тохиолдлын нийт тоо 213-т хүрлээ гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдээлэв.


БНСУ-д өнгөрсөн пүрэв гаргаас хойш бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын 19 нь гадаадын орнуудаас зөөвөрлөгдөн ирсэн бол 12 нь дотоодод халдварласан байна.


БНСУ-д “COVID-19”-ийн хувилбараар халдварласан нийт тохиолдлын 178 нь Их Британид анх илэрсэн, 28 нь Өмнөд Африкт анх илэрсэн, долоо нь Бразилд тархсан хувилбараар халдварлажээ. Эдгээр хувилбарыг өмнөх хувилбараасаа илүү хурдан халдварладаг гэж үзэж байгаа юм.


БНСУ коронавирусний шинэ хувилбарын тархалтыг хязгаарлахын тулд өнгөрсөн 12 дугаар сарын 23-наас Их Британитай зорчигч тээврийн нислэгээ зогсоосон бөгөөд энэхүү шийдвэрийн үйлчлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл сунгаад байна.


Мөн гадаадын орнуудаас ирсэн бүх иргэнээс 72 цагийн дотор өгсөн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах бичиг шаардаж байгаа юм. БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19”-өөр халдварласан 382 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 96017-д хүрчээ. 

Холбоотой мэдээ