Нийслэлд өнөөдрөөс шөнийн цагаар хөдөлгөөн хязгаарлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын "Улбар шар" зэрэглэлд шилжсэн тул нийслэлд өнөөдрөөс шөнийн 23.00-6.00 цагийн хооронд автозамын болон явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж тусгай чиг үүргийн алба хаагчид хяналт тавина.
УОК-ын өнгөрсөн бямба гаргийн хуралдаанаар, нийслэлд тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэг буюу "Шар" түвшинг зэрэглэл дээшлүүлж өнөөдрөөс "Улбар шар"-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан бямба гарагт мэдээлэхдээ, "Шөнийн цагаар хөдөлгөөн хязгаарлахгүй бол олноор цугларах, архидан согтуурах, ахуйн гэмт хэрэг гарах эрсдэлтэй. Мөн энэ цагаар халдвар тархах эрсдэл маш өндөр байна. Тиймээс өдрийн цагаар ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай байна" хэмээсэн юм.
Дээрх хугацаанд эмнэлгийн тусламж, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн байгууламж, хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад хөдөлгөөнийг хязгаарлах юм.
Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор Багахангай, Налайх, Багануур дүүрэг, Сонгино хайрхан дүүргийн 21,32, Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагчид нь ажиллаж байгаа газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумж бөглөн нэвтрэх аж.
Улбар шар зэрэглэлд шилжсэнээр, худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах хязгаарыг 7.00-22.00 цагийн хооронд тогтоож, зах, худалдааны төвүүдийн халдвар хамгааллыг сайжруулах юм.
Ташрамд дурдахад, Засгийн газрын өнгөрсөн сарын 21-ний
хуралдаанаар Коронавируст цар тахлын үеийн гамшгийн түвшинг ногоон, шар, улбар
шар, улаан гэсэн дөрвөн өнгөөр ангилж, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн ажиллах
түр журмыг баталсан. Халдвар хүн амын дунд өргөн тархаж, сүүлийн 14 хоногт
шинээр батлагдсан тохиолдлуудын 25-аас дээш хувийн халдварын эх үүсвэр тодорхойгүй байгаа тохиолдолд "Улбар шар" түвшинд шилжихээр
түр журамд заажээ.