Зудын нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлын баг Төв аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-03-04 16:27:25

Төв /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын даргын тушаалаар зудын нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлын баг Төв аймагт ажиллаж байна. 

Тодруулбал, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын багт ХНХЯ, ЭМЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ, УЦУОШХ болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөл багтан ажиллаж байгаа юм. 

  Ажлын багийн бүрэлдэхүүн аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ, бэлтгэл, бэлэн байдалтай танилцан, үнэлэлт, дүгнэлт, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. 

Мөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулж Улсын Онцгой комисст танилцуулах аж. 

Ташрамд, тус аймагт 2020-2021 оны өвөлжилт ихэнх суманд хүндэрсэн бөгөөд зудын эрсдэлийн үнэлгээгээр 14 сум өндөр эрсдэлтэй, 13 сум дунд эрсдэлтэй гэж тодорхойлогдсон.

Холбоотой мэдээ