Аймгийн Засаг дарга боловсролын салбарынхантай уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-03 17:41:18

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын “Ажил хэрэгч өглөөний цай” хөтөлбөрийн ээлжит уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, ЗДТГ-ын дарга Э.Дашзэгвэ болон боловсролын салбарын төлөөллүүд оролцлоо.

Боловсролын салбарыг төлөөлж БСУГ-ын мэргэжилтнүүд, сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч, багш нар, нийгмийн ажилтны болон сургуулийн эмч, номын санчийн төлөөлөл оролцсон юм. Оролцогчид өөр өөрийн байгууллагад тулгамдаж байгаа асуудлаа танилцуулахын зэрэгцээ хүсэлт тавьж байв.

Цэцэрлэгүүдийн төлөөллийн санал хүсэлтээс...

-Цэцэрлэгүүдийн төлөөллөөс 3 болон 2-р цэцэрлэгт шинэ байр хэрэгтэй байгаад анхаарал хандуулахыг аймгийн удирдлагуудаас хүсч байв. Мөн малчдын хүүхдүүдийг СӨБ-д хамруулах шаардлагатай, зөөврийн компьютер ашиглах, мэргэжлийн хоол зүйч дутмаг гэх мэт асуудлууд хөндсөн юм.

Архангай аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол олгодог 36 цэцэрлэгт 7634 хүүхэд хамрагддаг байна. Энэ нь цэцэрлэгт хамрагдах насны хүүхдийн 88.8 хувийн эзэлдэг аж.

Сургуулиудын төлөөллийн санал хүсэлтээс...

-Сургуулийн төлөөллүүд мөн байгууллагадаа тулгамдаж буй асуудлуудыг танилцуулж шийдэж өгөх боломжийг эрэлхийлж байлаа. Тухайлбал сургалтын төвүүдийг бодлогоор дэмжих, багш нарыг чадавхжуулах дотоод, гадаадын сургалтыг дэмжих, туршлага судлах гэх мэт багшийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх арга хэмжээнд зориулсан томилолтын зардлыг хүртээмжтэй болгох зэрэг хүсэлтүүдийг гаргаж байв.

Мөн аймгийн хэмжээнд ганц байдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулдаг “Ирээдүй” сургууль, цогцолборт хавсарсан хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхэд суралцдаг. ХБХ суралцах боломж нөхцөл бүрэн хангагдаагүй. Багш бид дохионы хэл боломжоороо сурдаг ч мэргэжлийн түвшинд байж чаддаггүй. Өөрөөр хэлбэл тусгай хэрэгцээт боловсрол олгох багш нарыг чадавхжуулах асуудал шаардлагатайг онцолж байв.

Түүнчлэн лаборатори 1-р сургуулийн төлөөлөл аймгийн удирдлагуудад хандан монгол бичгээр сонин гаргах хүсэлтээ илэрхийлэн, дэмжихийг хүсэв.

Сургуулийн эмч нарын төлөөллийн санал хүсэлтээс...

-Аймгийн хэмжээнд байх ЕБ-ын 33 сургуулийн 80 хувь нь эмчтэй. Сургуулийн эмч нарт тулгамддаг гол асуудал, тоног төхөөрөмжийн хангалт муу, цалин, илүү цагийн нэмэгдэл муу байдгийг эмч нарын төлөөлөл дурдаж байв.

Нийгмийн ажилтнуудын төлөөллийн санал хүсэлтээс...

-Харин нийгмийн ажилтнуудад мөн л тоног төхөөрөмж дутагддаг, хүүхэд хүлээж авах тусгай өрөө шаардлагатай, нэг нийгмийн ажилтанд ноогдох тоо их байдаг тул нийгмийн ажилтны орон тоог нэмэх шаардлага буйг онцолж байлаа.

Тогооч нарын төлөөллийн санал хүсэлтээс...

-Сургуулийн тогооч нарын хувьд цалин хангамж муу, ээлжийн хувцасны хангалт, тоног төхөөрөмжийг сайжруулахыг хүссэн.

Хувийн хэвшлийн боловсролын байгууллагын санал хүсэлтээс...

-Хувийн хэвшлийн сургуулийг төлөөлж оролцсон багшийн хувьд аймаг орон нутгийн дэмжлэг муу байдаг, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу, хүнд суртал ихтэй байдаг нь бидний ажилд сөрөг үр дагавар авчирдаг. Сурагчдын дотуур байрны хүрэлцээ муу байдаг. Боловсролын газрын хүнд суртал, дарамт шахалт хувийн хэвшлийнхэнд ихээхэн ирдэгт анхаарлаа хандуулахыг хүсч байв.

Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал: “Боловсролын салбар сайн байж хөгжил яригдана. Бид үүнийг бодлогоор дэмжих ёстой. Боловсон хүчин маш чухал. Багш нар цаг үетэйгээ нийцсэн боловсролыг олгох хэмжээнд чадавхжуулах ёстой. Боловсролын салбарт гардаг гол алдаа бол сайд солигдох бүрт шинэ бодлого гаргаж ирснээр үйл ажиллагаа нь доголддог явдал юм” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Засаг дарга Д.Золжаргал боловсролын салбарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ хэлсэн юм.

“Өмнөх Засаг дарга нарын үед хэрэгжсэн хөтөлбөрүүдийг үргэжлүүлэн, улам бүр сайжруулаад явна. Мөн англи хэлний хичээлийн чанар, заах аргад анхаарал хандуулж, багш нарыг чадавхжуулах ажлыг үе шаттай хийнэ. Чанартай сурагч бэлтгэх, сурагчдын гадаадад боловсрол эзэмшихэд англи хэл сайн байх зайлшгүй шаардлагатай тул энэ тал дээр онцгой анхаарна.

Аймаг орон нутгийн иргэд хөгжиж байж хөгжил ирнэ. Иргэн хөгжихөд багш сайн байх ёстой тул энд анхаарах нь зүй ёсны хэрэг. Энэ хүрээнд “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлнэ. Бүх шатны боловсролын байгууллагад сэтгэл зүйч ажиллуулахад дэмжлэг үзүүлнэ.

Сурагчдыг ном уншуулж дадах, номд дуртай болгоход анхаарлаа хандуулна. Өнөөдрийн уулзалтад оролцсон боловсролын салбарын төлөөллүүдийн асуудлуудыг сонсож, санал хүсэлтийг хүлээн авлаа” гэв.

Холбоотой мэдээ