Сүхбаатар аймгаас 3363 малчин ноосны урамшуулалд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-10 17:32:31

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2015 онд 3363 малчин 900 гаруй сая төгрөгийн урамшуулал авсан. Гэхдээ энэ бол боломжтой тооноосоо маш бага тоо гэдгийг Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Алтай хэллээ.

Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдлийн холбооноос / МНБҮХ / өнгөрсөн жил ХААЯаманд захиалга өгөхдөө зөвхөн СБ аймагт 300 саяас 1,5 тэрбум төгрөгийн урамшуулал олгож тэр хирээрээ ноос бэлтгэх боломжтой гэдэг захиалгыг өгчээ. Гэтэл энэ ажил 60 гаруй хувьтай биелсэн байна. Ер нь нийт улсын хэмжээнд ноос бэлтгэлийн ажил хангалтгүй байгаа тэрээр “Ноос бэлтгэл-2016” зөвлөлгөөний үеэр хэлсэн юм.

Малчид ноосны урамшуулалд хамрагдахын тулд заавал ямар нэг хоршооны гишүүнчлэлтэй байх ёстой гэж заасан байдаг. Үүнээс болж зарим малчид нь учрхаа олохгүй явсаар урамшуулалд хамрагдаж чадалгүй, авсан ноосоо хог дээр хаях тохиолдол их гарчээ. Харин энэ жилээс эхлэн энэ заалт байхгүй болсон бөгөөд малчин хоршоонд элсээгүй байсан ч урамшуулалд хамрадах боломжтой болжээ. Харин ингэхдээ сумынхаа итгэмжлэгдсэн төлөөлөгчид заавал ноосоо тушаана. Нэг суманд 2-3 төлөөлөгч байна. Хэрэв малчин төлөөлөгчид бус ченж нарт ноосоо тушаасан тохиолдолд урамшуулал авахгүй гэдгийг анхаарууллаа.

2016 оны 6 сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн ХХААГ, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, ХААЯам, Мал хамгаалах сан, Аж үйлдвэрийн яам, Сүхбаатар мах маркет компани  зэрэг байгууллагууд хамтран дээрх “Ноос бэлтгэл-2016” зөвлөлгөөн зохион байгууллаа. Зөвлөлгөөнд аймгийн 13 сумын малчдын төлөөлөл болсон 70 гаруй малчин оролцлоо. Зөвлөлгөөнд оролцогчдод МАА-н өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, ноос боловсруулах салбарт төрөөс баримталж буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилт үр дүн зэрэг мэдээллүүдийг өглөө.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ