“COVID-19”-ийн вакцин хийлгэх хүсэлтэй хүмүүсийн тоо өсөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-03-01 11:41:34

ЛОНДОН. /The Guardian/. Аж үйлдвэржсэн зургаан оронд “COVID-19”-ийн вакцин хийлгэх хүсэлтэй хүмүүсийн тоо өсөж байгааг “Kekst CNC” олон улсын зөвлөх байгууллагаас хоёрдугаар сард явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Их Британи, АНУ-д төдийгүй вакцинд үл итгэх хандлага ажиглагддаг Францад коронавирусний вакцин хийлгэхийг дэмжих болжээ. Мөн Герман, Япон, Шведэд явуулсан санал асуулгаар ижил үр дүн ажиглагдсан байна.


“Дэлхий даяар "COVID-19"-ийн вакцинжуулалтын хөтөлбөрүүдийг эхлүүлж буйтай зэрэгцэн вакцин хийлгэх хүсэлтэй хүмүүсийн тоо өсөж байна” гэж “Kekst CNC”-гийн тайланд тэмдэглэжээ.


Тодруулбал, Их Британид санал асуулгад оролцсон хүмүүсийн 89 хувь нь вакцин хийлгэх хүсэлтэй байгаа нь өнгөрсөн 12 дугаар сарынхаас 19 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Шведэд энэхүү үзүүлэлт 12 дугаар сард 53 хувь байсан бол хоёрдугаар сард 76 хувьд хүрчээ. Мөн АНУ-д 58-аас 64 хувь, Германд 63-аас 73 хувь, Японд 50-иас 64 хувьд хүрч тус тус өсжээ.


Харин Францад санал асуулгад оролцогчдын 59 хувь нь вакцин хийлгэнэ гэж хариулсан нь бусад орныхтой харьцуулахад хамгийн сул үзүүлэлт болсон хэдий ч өнгөрсөн 12 дугаар сарынхаасаа 19 хувиар өссөн байна. 



Холбоотой мэдээ